This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test This is a test
Monday, July 6, 2009
Test
Thursday, October 23, 2008
Шашин юунд хэрэгтэй вэ?
Ноднин Германы нэг жижигхэн хотын сүмд ордог юм байна. Би ч ямар тэр архитектур энэ тэрийг нь сайн ойлгох биш, сонирхсон ч үгүй, харин хамт явж байсан нэг өвгөнтэй яриа өдөх санаатай “Германчууд сүмээс их гарч байгаа гэж үнэн үү?” гэж асуулаа. Угийн дуу цөөтэй өвгөн “Тэр ч үнэний хувьд үнэн” гээд чимээгүй болчихов. Би ч нэг ам нээснийх “Сүмд татвар төлөхөөс дургүйцдэг байхаа даа” гэсэн нөгөөдөх чинь харин дуу орж “Харин тийм. Гэхдээ тэр сүмээс гараад байгаа хүмүүс үхэхийнхээ цагт эргээд сүмээ л барааддаг юм даа” гэж авдаг юм байна. Аргагүй л настай хүний, юм бодуулахаар үг. Орчин үед шашин хоцрогдсон гэх ойлголт Баруунд мэр сэр бий, Монголд ч гэсэн иймэрхүү зүйл яридаг хүмүүс бий. Гэтэл үхэхийн цагт хойдохыг нь унших лам хэрэг болж л таарна шүү дээ.
Үнэнийг хэлэхэд би өөрөө шашин шүтлэг гээд сүйд болоод байдаггүй. Гэхдээ л шүтлэг хүнд байх ёстой зүйл гэж боддог. Миний өвөө залуудаа улаан коммунист явсан хүн, насныхаа эцэст намайг дагуулаад Баянхошуу, Гандан хавийн лам нарынхаар мөн ч их очдог байж билээ. Өөрөөс нь хойших миний ирээдүйг даатгаж л явж байсан юм боловуу даа. Тэр үеийн лам нарын тухай нэг зүйл хэлэхэд өвөө маань ламд мөнгө төгрөг өгч байсныг би ерөөсөө санадаггүй, харин тэр лам нар л дандаа надад чихэр, боов өгдөг байсныг санадаг юм. 1989 онд ээжтэйгээ Гандангийн нэг ламынд очоод бас үзүүлж харуулсныхаа дараа 10 төгрөг өгсөн чинь уурлаад, шидэх нь холгүй буцаагаад өгч билээ. Одоо ч ийм лам ховор байхаа.
Шашин шүтлэг хүний хувийн амьдралд хэрэгтэйгээс гадна улс оронд маш их хэрэгтэй зүйл юм гэсэн бодол сүүлийн үед төрөх боллоо. Монголчууд ухамсрын доройтолд орчихож. Залуучууд захиалгаар хүн алдаг, хүүхнүүд хэдэн зуугаараа Хятад, Сингапур, Малайзад хэнэг ч үгүй биеэ үнэлээд явж байдаг болчихож. Зүгээр өөртөө тохиолдсон зарим хөгтэй явдлаа ярихад нэг удаа 40 эргэм насны эгч манай ажил дээр ирээд надтай хамтарч ажиллах тухай баахан юм яридаг юм байна. Өөрөө нэг ногооны жижиг аж ахуй эрхэлдэг, ядууст зориулсан сургалт явуулдаг, тэгээд л манай байгууллагатай хамтрах санал тавиад байх юм. Тухайлбал манайхаас гарын авлага авмаар байна л гэнэ. Тэгээд би түүнд хэдэн гарын авлага өгөөд бас хүнсний ногооны тухай нэг сайн сурах бичиг байдгийг худалдах гэтэл тавиур дээрээс алга болчихож. Хамт ажилладаг залуугаас сурагласан чинь нөгөөдөх маань харин “Та түрүүн уншиж байсан, цүнхэндээ хийчихсэн юм биш үү?” гээж палхийтэл асуугаад бараг хүчээр шахуу цүнхийг нь онгойлгуултал яах аргагүй нөгөө номыг хийчихсэн байх юм. Тэгээд гаргаж өгснөө огт санаа зовсон шинжгүй нөгөө яриагаа үргэлжлүүлж байгаад гараад явсан юмдаг. Үгүй нээрээ, хүн манай байгууллагын хөрөнгийг хулгайлчихаад өөдөөс хамтран ажиллах тухай яриад байвал би уурлах ёстой юу, эсвэл инээх ёстой юу? Бас нэг удаа таксины жолоочтой буу халж явтал нөгөөдөх чинь “зарим өдөр их азтай, хүмүүс цүнх, гар утсаа орхиод буучихдаг юм” гэж хэнэг ч үгүй гайхуулж байх юм.
Манайхан хууль гэж их яридаг. Хуулиа дээдлэх ёстой, хуулийн дээр юу ч байхгүй гээд л манай том том улс төрчид яриад байна. Гэтэл ихэнхи хууль нь хэрэгжиж чаддаггүй. Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдахгүй гэсэн хуулийн заалт хаана хэрэгжиж байна вэ? Авилгын тухай хуулийн хэрэгжилт ч гэсэн тааруухан л байх шиг санагддаг.
Хууль хэрэгжихгүй байгаагаас гадна угаасаа хуулиар нийгэмд тулгарч буй бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гадаадад биеэ үнэлж буй хүүхнүүдийг болиулах хууль гэж байна уу? Хятад, Сингапур луу манайхан визгүй гардаг учраас тухайн хүн биеэ үнэлэх гэж яваа эсэхийг мэдэх ямар ч арга байхгүй. Таксинд гар утсаа орхиод буусан хүн эргээд авъя гээд заргалдахад гэрч байхгүй л бол нэмэргүй, өмгөөлөгчийн хөлс төлөөд харин ч улам шатна.
Бас нэг асуудал бол хууль өөрөө зөв гэсэн баталгаа байхгүй. Хуулийг хүмүүс хийдэг, гэтэл хүмүүс алддаг. Гитлерийн үед Германд еврейчүүдийн нийгмийн амьдралд оролцох бүх эрхийг нь хассан хууль, сүүлд нь бүр тэдний амьд байх эрхийг нь хассан хууль гарч байв. Иргэн хүн хуулиа дагах нь зөв гэж үзвэл тэр үед хөрш еврейчүүдээ Гестапод барьж өгч үхэл рүү нь илгээж байсан германчуудын түмэн зөв, тэд үлгэр жишээ сайн иргэд байж. Сэтгэцийн болон удамшлын өвчтэй хүмүүсийг устгах хууль гарахад түүнийг нь ягштал биелүүлж байсан эмч, сувилагч нар ч бас маш сайн иргэд. Харин Гитлерийн засаглалыг эсэргүүцэн амь насаа золиосолж байсан Мюнхений их сургуулийн “Цагаан сарнай” бүлгийн оюутнууд, тэр дундаа эрүү шүүлтэд шантарч найзуудыгаа илчлээгүй, шүүх хурал дээр шүүгчтэй зад хэрэлдэж байгаад толгойгоо тасдуулж байсан 22-хон настай Софи Шоль хэмээх бүсгүй маш муу иргэн байж.
Хуулийн дээр юу ч байхгүй гэж яридаг, түүндээ итгэчихсэн мангуу улс төрчдөд хэлэх нэг үг байна. Хуулийн дээр хүний сэтгэл гэж бий. Би л лав хуулийг дээдлэхгүй, харин хүний сайхан сэтгэлийг дээдэлнэ. Миний хувьд Гитлерийн үед хүнд өвчтэй бяцхан жаалын судас руу үхлийн тариа тарьж хууль биелүүлж байсан эмч биш, харин тэр хууль руу нь нулимж байсан Софи Шоль жинхэнэ хүн.
Сайхан сэтгэл чухал, хууль зөрчөөд бай гэж хэлэхийг мэдээж зорьсонгүй. Гэхдээ хууль бол харьцангуй, цаг хугацааны туршид хувирч өөрчлөгдөж байдаг, харин хүний сайхан сэтгэл хэмээх үгээр илэрхийлэгдэж буй хүний нийгмийн үнэт зүйлс тогтвортой. Хүн төрөлхтөн үүсээд 200 мянган жил болохдоо зөвхөн шинжлэх ухаан, урлаг, спорт, байшин барилгыг бүтээгээгүй, бас ухамсрын олон үнэт зүйлсийг бий болгожээ. Ямар үнэт зүйлс байж болох вэ? Жишээ нь хайр, хүн ба амьд амьтдыг хүндэтгэх ёс, эх оронч үзэл, ариун цэвэрч байдал гэх мэт. Хэмжүүрүүд гэвэл жишээ нь амьтны амийг таслах буруу, эх орноосоо урвах буруу, эцэг эхээ хүндлэх нь зөв гэх мэт. Тэгвэл эдгээр үнэт зүйлсээс хамгийн чухлуудыг нь тодорхой хэмжүүрүүдийн хамт нэгтгэсэн концепци нь шашин юм. Зөв, бурууг ялгаж салгах эцсийн цэг бол шашин. Ямар шашин байх нь тийм ч чухал биш, ер нь аль ч шашинд суурь үнэт зүйлс нь ижилхэн байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаар бас аль ч шашинд завхрал бий гэдгийг дурдахгүй байж болохгүй. Ямартай ч Христийн шашны хувьд Библийн сургаалиуд, Буддын шашны хувьд Бурхан багшийн сургаалиудыг мөрддөг хүн хэзээ ч хүн алж, хулгай хийж, худал хэлэхгүй, гэр бүл, эх орноосоо урвахгүй, авилгач юмуу биеэ үнэлэгч болохгүй. Дарангуйлагч нар ихэвчлэн шүтлэггүй хүмүүс байдгийг саная. Гитлер шашныг үзэн яддаг, харин Софо Шоль шүтлэгтэй хүн байв.
Германчууд түүхээсээ суралцжээ. Үндсэн хууль нь “Бурхан ба хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ... ...Германы ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Үндсэн хуулийг батлав” гэж эхэлдэг. Энэ өгүүлбэр яг дээрхи шалтгааны улмаас бичигдсэн ажгуу. Энэ үндсэн хууль хүчинтэй байхад хүн алахыг, хулгай дээрэм хийхийг, мөн завхайрахыг зөвтгөсөн хууль гарахгүй нь лавтай. Учир нь Христийн шашны үндэс суурь болох “Бурхны 10 сургааль”-д эдгээр үйлдлийг хориглосон.
Монголчууд бид шашны тухай ойлголтоо эргэн харж, энэ тал дээр урт хугацааны бодлого, зөв менежмент хийх шаардлагатай байна. Гэхдээ би шашин, төрийг хольж хутгах тухай биш, харин хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх шашны үүргийг нэмэгдүүлэх тухай ярьж байна. Хүн гэртээ ямар нэг бурхны баримал залах ч юмуу, эсвэл алтан загалмай зүүснээр шүтлэгтэй болчихгүй. Хагас сайн өдөр бүр Жанрайсэгт мөргөх, бүтэн сайн өдөр бүр ертөнцийн эзэнд залбирах хангалтгүй. Гол нь шашны сургаалиудыг амьдралдаа мөрдлөг болгох хэрэгтэй. Таксины жолоочид, үйлчлүүлэгчийнхээ орхисон эд зүйлсийг авах нь буруу гэдгийг ойлгуулахад хууль биш, шашин л тусалж чадна. Багаасаа шашны номлолын утга учрыг ойлгож, амьдралдаа мөрдлөг болгосон охин хичнээн ядуу байсан ч биеэ үнэлэхгүй. Зөвхөн хэцүү асуудалтай үедээ л Христэд залбирах биш, түүний сургаалийг ягштал баримталдаг монгол залуу, Коран судрыг мөрддөг хасаг эр хэзээ ч мөнгөөр хүний амь хөнөөхгүй.
Монгол орны хувьд Буддын шашин зонхилох тул мэдээж бид юу юуны түрүүнд энэ шашнаа боловсронгуй болгож, дэмжих тал дээр анхаармаар. Хараад байхад манай лам нар нийгэмд хандсан ажил хийхдээ хойрго юм. Ихэнхи лам нар айлын барцадыг арилгаж, лүүжин тавихад, эсвэр энд тэнд суварга арванайлахдаа л хамаг цагаа зарахаас биш, хүн алж, хулгай хийж, ховордсон ан амьтдыг устгаж, цэвэр усны ундаргатай газар барилга барьж болохгүй, тэгвэл тэр чинь хэдэн үедээ нүгэл болдог гээд хүмүүсийн ойн тойнд ортол хэлээд, заримдаа бүр айлгаж занаад ч болсон хэлээд өгөхгүй юм.
Буддын шашны шинэчлэл Гандан хийдээс эхлэх ёстой. Чойжамц хамба нэг л их намбайсан, амнаасаа үг унагаж ядсан хүн явдаг байсан харин сүүлийн үед залуучуудад лекц уншиж, зөв амьдрах тухай сургааль хэлэх болсон нь сайшаалтай. Гэвч хангалтгүй л байна. Саяхан Баабар бичсэн байна билээ. Эмнэлгүүд сайн эмч нараа дарга болгочихдог буруу гээд. Түүн шиг Гандан ч бас гайгүй лам нараа дарга болгохоос биш, сайн менежер хүн ер харагдахгүй юм. Уг нь Гандан шиг том хийдийн менежментийг бол хүмүүсийг гэгээрүүлэх ажлаа ч хийгээд, сүм хийдийнхээ орлогыг ч нэмэгдүүлээд байх чадалтай хүн хийх хэрэгтэй. Нийгэмд тустай төслүүд санаачлаад хөөцөлдөхөд улсаас ч, хувийн компаниудаас ч мөнгө олдоно. Илүү мөнгө олъё гэвэл жишээ нь Монголд, тухайлбал Дорноговийн Энергийн төв дэх Хамрын хийдийг Утай, Гүмбэн, Лхаст байдаг шиг, эсвэл бүр тэднээс ч илүү сүрлэг том мөргөлийн том обьект болгож сайжруулаад, нэг хутагт залж суулгаад, дэлхий даяар “энэ бол шарын шашны хамгийн том мөргөлийн газар” гээд рекламдахад яадаг юм. Саудын Арабын Меккад жилд 2,5 сая мөргөлчин ирдэг. Манай Хамрын хийдэд жилдээ 500,000 мөргөлчин ирэхэд болж л байна. Ингэж мөнгө олоод, түүнийгээ гол нь хүмүүсийг нүгэл тэвчих ухамсартай болгон гэгээрүүлэхэд зарцуулах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн мэргэжилтэй над мэтийн хүнд шашны менежментийн тухай ярих хэтэрхий ахдах нь магад хэдий ч ардчилсан орны иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлмээр санагдах юм. Юутай ч монголчуудын ухамсрыг сайжруулж, эрүүл нийгмийг бий болгох цөөхөн гарцын хамгийн үр дүнтэй нь шүтлэг бишрэлийг дэмжиж, хүнлэг энэрэнгүй чанарыг сурталчилсан шашны сургаалиудыг иргэдийн ухамсар, амьдралын хэв маягт нь шингээж өгөх арга байж болох юм гэсэн бодлыг минь эрхэм уншигч та тунгаан соёрхоно уу.
Цааш нь унших
Labels:
Нийгэм
Saturday, July 26, 2008
Үлгэрийн цаг: Гадаадууд Монголын ядуурлыг бууруулсан нь
Эрт урьд цагт Монголчууд ядуу байжээ. Тэгсэн чинь америк, япон, герман, солонгосууд, бас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн "ядуурлыг бууруулдаг мэргэжилтнүүд" ирээд ядуурлыг бууруулах төсөл нилээд хэдийг хэрэгжүүлэв. Тэдний хүчинд Монголд ядуу хүнгүй болж, амар сайхандаа жаргажээ.
Ямаршуу үлгэр байна?
Зав муутай уншигч миний бичлэгийг бүгдийг нь уншаад яахав. Миний хэлэх гэсэн гол санаа бол "Ядуурлыг бууруулах төслүүд ядуурлыг бууруулж чадахгүй" гэдгийг одоо бараг ойлгоо биз. Харин Эрдэнэболор яагаад ингэж хэлэх болов гэж сонирхож байвал тухлан саатна уу.
Ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн тухай би янз бүрийн статистик бичихээ больё. Гадаад хэргийн болон Сангийн яамны ажлыг би хийгээд яахав. Харин энэ талаар өөрийн мэддэг, боддог зарим зүйлүүдээ хуваалцъя гэж бодлоо. Нэг жишээнээс эхлэе л дээ. Би Германд энэ сэдвээр нэг семинарт нилээд олон орны залуустай хамт оролцсон юм. Германчууд мэдээж эхлээд өөрсдийнхөө хийдэг ажлын тухай, ялангуяа засгийн газрын хөрөнгөөр ядуурлыг бууруулдаг GTZ байгууллагынхаа тухай л яриад л эхэлнэ биз дээ. За тэгээд германчууд янз бүрийн л юм яриад байна. Харин оролцогч бидний хувьд жинхэнэ семинар орой нь эхэлсэн юм. Ганц хоёр шил пиво уугаад, бүжиглэх нэг нь бүжиглээд, ярилцах дуртай нь нэг буланд бөөгнөрөөд. Гайхалтай нь GTZ манай оронд ингэж тус болсон, манай орныг ингэж хөгжүүлсэн гэж хэлэх хүн нэг ч гарсангүй. Бүгдээрээ л шүүмжилж байна. Африкийн нэг оюутан хэлж байна. Өөрөө GTZ-д ажиллаж байсан, сард сайндаа л 500 доллар авдаг байсан, гэтэл германчууд 5000 долларын цалин аваад, дээр нь баахан нэмэгдэл, тэр дундаа гэрийн үйлчлэгчийн цалинд өгөх мөнгийг хүртэл нэмэгдэл болгож авч байсныг хуучлав. Бас нэг азербайжан нөхөр урьд нь GTZ-д ажиллаж байж. Англи, герман хэлтэй, уул уурхайн чиглэлээр магистр зэрэгтэй тэр найз маань 300 долларын цалин аваад эхэндээ баярлаад яваад байж. Гэтэл яваандаа өөрөөс нь боловсрол нимгэн герман залуу шинээр ажилд ормогцоо 3000 доллар авахад дургүй нь хүрээд цалингаа нэмүүлэхийг шаарджээ. Нөгөөдүүл нь мэдээж эелдгээр татгалзаж. Ингээд мань эр хувийн компани барааджээ.
Дээрхи жишээнүүд Монголд яг адил давтагдаж байгаа. Би өөрөө олон улсын байгууллагад ажиллаж үзээгүй. Гэхдээ ихэнхи ажиллагсад нь 300-500 долларын цалин авдаг, төслийн зохицуулагч нар нь л 1000 хавьцаа авдгийг мэднэ. 300-500 долларын цалин бол өнөөдөр Монголд тийм өндөрт тооцогдохгүй. Тэгсэн мөртлөө тэдний ажилд хүн авах шалгуур нь маш өндөр. Тэр шалгуурт нь нийцсэн хүн цалинг нь голмоор. Гэхдээ энд би нэг тайлбар хэлэх хэрэгтэй байх. Учир нь миний цалин 300 доллар ч хүрэхгүй. Гэхдээ миний хувьд ядуурлыг бууруулах төсөл дээр 500 долларын цалинтай ажилласнаас одоогийн ажлаа хийгээд, хажуугаар нь бас бус орлого (шударгаар шүү!) олоод явах нь хавьгүй ашигтай байдаг. Харин гадны төсөлд ажиллавал цалингаас гадуур орлого олох зав зай, боломж муутай.
Ядуурлыг бууруулна гэдэг тийм амархан ажил ерөөсөө биш. Ийм ажилд өндөр боловсролтой, чадвартай мэргэжилтнүүдийг сонгож ажиллуулах ёстой. Гэтэл харамсалтай нь бодит байдалд ийм байж чадахгүй байна. Өнөөдөр Монголд сайн мэргэжилтэн сард 1000-2000 доллараар үнэлэгдэж байгаа. Гэтэл манайд ажиллаж буй гадаадууд энэ байдлыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй. Тэд статистикт л итгэдэг. Статистикийн эмхэтгэл дээр Монголын дундаж цалин 200,000 төгрөг гээд байж байгаа учир тэд төслийн мэргэжилтэнд 1000 долларын цалин өгдөггүй. Ингээд гараа нь буруу эхэлж байгаа юм. Төслийн явцад нарийн мэргэжлийн хүмүүсийг сургагч багш, зөвлөхүүдийг бас цагаар буюу өдрөөр авч ажиллуулна. Өдрийн цалин нь 38,500 төгрөг билүү дээ. Энэ цалин бас л үнэхээр сайн мэргэжилтэнд бол гологдоно шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн 2-р зэргийн мэргэжилтнүүд тэр ажлыг хийж таарна.
Ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн төсвийн 80 орчим хувийг тэнд ажиллаж буй гадныхан өөрсөддөө зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Эд нарын цалин сард дор хаяж 5000 доллар, тэгээд л дээшээгээ бол хязгааргүй. Гадаад зөвлөхийн өдрийн цалин 1000 доллараас доош бараг л байхгүй байх боловуу. Тэгээд тэд бизнес классаар нисч, Чингис, Баянголд байрлана. За яахав, өндөр цалин авч болно, гэтэл ажлаа хийж чадаж байна уу гэдэг асуудал хамгийн гол нь. Үүнийг хэмжих гол үзүүлэлт бол үр дүн. Европын холбооны ТАСИС-аас нэг төсөл Монголд "Газар тариалан, мал аж ахуй хослуулан хөгжүүлэх" гэж нэг төсөл хэрэгжүүлсэн юм. 3 жилийн турш хэрэгжсэн, нилээд хэдэн сая евро цохисон төсөл. Харамсалтай нь өнөөдөр барин тавин хэлчих үр дүн үлдсэнгүй. Төслийн удирдагч нь сүүлд GTZ-д ажиллаж байгаад нэг мэдэхэд алга болсон. Авгай хүүхний асуудлаас болж хөөгдсөн сураг дуулдсан. Тэр нөхөртэй би уулзаж байсан, их л завгүй царайлсан, томрох гээд ядчихсан өвгөн байна билээ. Хийж чаддаг гол ажил нь төслийн тайлан бичих. Даварсан зөнөг чинь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын мэргэжилтэй нэг австри хүүхнийг Монголд хөдөө аж ахуйн зөвлөхөөр урьж ажиллуулж байсан юмдаг. Намайг ингэж бичлээ гээд энэ төсөл дээр ажиллаж байсан хүмүүс уншвал зөвөөр ойлгоорой, зөвхөн миний л бодол шүү.
Сүүний салбарыг сэргээн сайжруулах НҮБ-ын төслийн удирдагч бас нэг англи юмуу америк ч юмуу өвгөнтэй имэйлээр харьцаж байсан. Сүүний зах зээлийн судалгаагаа хийсэн бол тайланг нь өгөөч гэж гуйсан юм. Төслийнх нь ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас гуйсан хэрэг л дээ. Гэтэл надад өгөх биш харин өөдөөс нэхдэг байгаа. Та зах зээлийн судалгаа хийвэл бидэнд өгчихөөрэй гэж авдаг юм байна. Сүүлд тэр өвгөний зах зээлийн судалгааны тайланг сонин дээрээс үзсэн. Статистикийн эмхэтгэлээс хэдэн тоо авчихсан, тэгээд зайлуул бичих юмаа олж ядахдаа Азийн хэдэн орнуудын сүүний хэрэглээний статистикийг бас тавьчихаж. Хятадууд бага сүү ууж байна, монголчууд Хятад руу сүү экспортлох хэрэгтэй гэж "тасархай" зөвлөгөө нэгийг өгчээ. Өвөө, 10000 долларын цалин авах гоё байдаг уу?
Байдал иймэрхүү л байна. Гэхдээ болоогүй, би ядуурлыг бууруулах ажлын бас нэг том дутагдлыг онцгойлон хэлье. Арга барил нь болж өгдөггүй. Зах зээлийн нийгэм хөгжсөн аль улсад иргэдийнх нь амьжиргаа дээшилсэн явцыг харж байгаад би хувьдаа нэг л дүгнэлт хийлээ. Цөөн тооны ядуучууд нөгөө „Америк мөрөөдөл“ гэдэг шиг хувийн бизнес хийж баяжсан юм байна. Харин ихэнхи ядуучууд ажил хийгээд, тэр ажлынх нь цалин аажмаар нэмэгдсээр байгаад амьжиргаа нь дээшилсэн байх юм.
Тэгэхээр ядуурлыг бууруулахын тулд 1-т ажлын байрыг нэмэгдүүлэх, 2-т үнэхээр бизнес эрхлэх чадвартай, сонирхолтой ядуучуудад бизнес эрхлэхэд нь туслах ёстой. Мөн үүнээс гадна 3-т хөдөлмөрийн чадваргүй хүмүүст, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд болон олон хүүхэдтэй өрхүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг тотвортойгоор сайжруулбал зохино. Хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байхад хүүхэд нь ямар ч байсан сургуулиас гарч ажил хийх шаардлагагүй, сургуулиа төгсөөд дээд сургуульд оръё гэхэд төрөөс төлбөрийг нь даадаг байх нь зүйн хэрэг.
Дээрхи гурван зорилтын аль нэгийг нь илүү чухал гэж үзэж болохгүй, бүгд адилхан чухал. Ядуурлыг бууруулъя гэвэл гурвууланд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл манайд ядуурлыг бууруулах гэж ирсэн гадныхан 2, 3-р зорилтод чиглэсэн ажлыг хагас дутуу хийхчээ аядаад, эхнийхийг бол үндсэндээ орхигдуулж байгаа. 2-р зорилтыг яагаад дутуу биелүүлж байна гэхээр бизнесийг дэмжиж байна гээд хэдэн ядуучуудыг цуглуулаад сургалт явуулах болдог, гэтэл нөгөө сургалт нь яаж явагддаг билээ? 38,500 төгрөгийн ханштай багш нар хичээл заасан нэр зүүнэ, нөгөөдүүл нь юм сурсан дүр үзүүлнэ. Үнэндээ би өөрөө ч (ажлын шаардлагаар гэхүү дээ) ийм сургалт нэг бус удаа гаднын байгууллагын захиалгаар зохион байгуулсан. Ногоо тарих сургалтанд тэтгэврийн голдуу хэдэн авгай ирдэг юм. Зарим нь ач, зээгээ дагуулаад ирэхийг нь яана. Үнэгүй хоол идүүлэх гэдэг юм болов уу. Дахиж ийм сургалт хийхгүй юмсан. За тэгээд бичил зээл өгдөг нэг арга байна. Зээл авахад төсөл бичих хэрэгтэй. Төслийг банкны ажилтнууд шалгаруулна. Тэдний шалгуур бол тодорхой, хамгийн гол нь төсөл сайн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нөгөө ядуусыг чинь төсөл бичиж сурах гэсээр байтал амьжиргаатай (ядуу гэж хэлэхээргүй) хэсэг хүмүүс төсөл бичиж мэргэшсэн хүмүүсээр хөлсөөр бичүүлээд өнөө бичил зээлийг аваад дуусгачихдаг. Харин 3-р зорилтын хувьд бол төслүүд хэрэгжих үедээ л ядууст тусламж үзүүлнэ үү гэхээс төсөл дуусаа л бол тэгээд баяртай шүү дээ. Нийгмийн халамжийг тогвтортой сайжруулахын тулд гол нь манай бизнес эрхлэгчид ашиг сайн олж, татвар сайн төлөөд, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд тэр ядуурлыг бууруулдаг газруудын оруулж буй хувь нэмэр юу байх билээ.
Өчигдөр би Улаанбаатар хот орчмын зарим нэг үнээний фермүүдээр явж судалгааны зорилгоор мэдээлэл авлаа. Фермерүүдтэй уулзаж ярилцлаа. Нэг гомдол хэлж байна. Төрөөс ч тэр, олон улсын байгууллагуудаас ч тэр хөдөө аж ахуйг дэмжих ажил зөндөө хийдэг, тендер мендер зарлаад байдаг боловч тэдэнд ямар ч хүртээлгүй байдаг гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас сайн үүлдрийн 10 үхэр зээлээр өгнө гэсэн зар тараахаар яваад очдог юм байна. Тэгэхээр яамныхан өөдөөс нь, танд өгөхгүй, яагаад гэвэл энэ бол ядуурлыг бууруулах ажил, харин та ядуу биш байна гэж амыг нь тагладаг гэнэ. Дэлхийн банк ч юмуу аль нэг ядуурлыг бууруулдаг газар манай яаманд мөнгө өгөөд “за та нар энэ мөнгийг зөвхөн ядуучуудад зориулдаг юм шүү” гэж захисан бололтой. Эсвэл манай төр өөрөө ядуурлыг бууруулах синдромд автчихаа юу?
Манай фермерүүдийн зарим нь, олон улсын байгууллагуудад хандаж үзэв гэнэ. Тэд ядуурлыг бууруулах ажилдаа хэт их анхаараад завгүй учир бие дааж бизнес эрхлээд явж буй фермерүүдийг хүлээж авдаггүй. Энэ бодлого буруугаас гадна, дээрхи жишээн дээрхи шиг манай төрд халдварласнаар маш ноцтой үр дагаварт хүргэж байна. Бизнес хийж зовж байсны оронд ядуу байсан нь дээр болчихож. Ингээд юм хийе гэсэн санаачлагатай хүмүүсээ цааш нь түлхээд байвал юун ажлын байр нэмэгдэх, юун нийгмийн халамж сайжрах, юун ядуурал буурах. Нийтээрээ ядуугаараа л үлдэнэ.
Манай жижиг бизнесменүүд, тухайлбал Улаанбаатар хот орчмын үнээний фермерүүдийн 95 орчим хувь нь үнэхээр өөрийнхөө санаачлагаар бизнес эрхлээд яваа хүмүүс. Урьд нь хотод амьдарч байсан хүмүүс орон байраа хүртэл зарж байж гарааны хөрөнгийг босгосон. Хөдөөнөөс ирсэн хүмүүс нь хамаг малаа зарж байж, зарим нь хөл дүүжлэх ганц Иж-Планетаа хүртэл зарж байж хэдэн сүүний үхэр авч бизнесээ эхлүүлсэн. Тэд цэвэр өөрийнхөө чадлаар өдий хүртэл явна. Тэгж яривал малчид зуданд малаа үхүүлчихээд “байгалийн гамшигт нэрвэгдлээ” гэж уйлан дуугарч байгаад нөгөө ядуурлыг бууруулах байгууллагуудаас, бас төрөөс үнэгүй мал, өвс тэжээл авч байхад фермерүүд хэзээ ч тэгж байгаагүй. “Зуд” гэдэг бол байгалийн гамшиг биш, харин менежментийн гамшиг гэдгийг тэд нотолж буй. Нэг сая хүнтэй Улаанбаатар хотыг чанартай сүүгээр хангах гээд л хамаг хүчээ барж байгаа, нөгөө талаар бараг фермер бүр нутгийнхаа нэг айлыг ажилтай болгож, харин ч жинхэнэ ядуурлыг бууруулж байгаа хүмүүс шүү дээ. Тэднийг дэмжээд өгвөл нэг байтугай нилээд хэдэн айлыг ажилтай болгож чадна. Зөвхөн тэдний туслах малчдаас гадна сүүг нь боловсруулах, борлуулах гээд зөндөө хүнд хийх ажил гарна биз дээ.
Би дахин хэлье, асуудлын нэг талыг хэт барихыг хүсээгүй юм шүү. Гэтэл асуудал өөрөө нэг тал руугаа, тухайлбал “ядуурлыг бууруулахын тулд зөвхөн ядуучуудад туслах хэрэгтэй” гэдэг хэт хялбар төсөөлөл рүү гүн хэлбийчихсэн учраас одоо нөгөө талыг нь түлхүү ярихаас өөр аргагүй байна.
“Ядуурлыг бууруулах” үлгэр, юм хийх эрмэлзэлтэй, юм хийж чаддаг хүмүүсийг дэмжсэн цагт л биелэлээ олно. Ингэж чадахгүй бол харин ч ядуурлыг нэмэгдүүлэх болно. Ерөөсөө бүгдээрээ энэ муу хар энерги шингэсэн нэр томъёог хаяад, харин “баяжилтыг нэмэгдүүлэх” тухай ярьцгаая, тэгэх үү?
Жич: би энэ сэдвийг мэдээж зөвхөн блогон дээр бичээд орхихгүй, цаашид байдлыг засч залруулахад бодитоор хувь нэмэр оруулахыг хичээх болно.
Үхэр зээлээр өгдгийн хувьд нэмж хэлэхэд ер нь хөдөө аж ахуйн яамныхан тэгээд тус бүр нь 2 сая төгрөгийн үнэтэй, өдөрт зөвхөн тэжээлд 6000 төгрөг нэхдэг, тохилог байр сав, маллагааны нарийн технологи шаарддаг малыг, хэн нэгэн ядуу хүнд зээлээр өгчихөж болно. Гэтэл нөгөө хүн маань өдөрт өөрийнхөө хоолонд 6000 төгрөг зарах чадалгүй байж хаанаасаа 60,000 төгрөг олж 10 үхрээ тэжээх болж байна аа? За тэгээд цаашилбал тэр үнэтэй цайтай мал Монголд дасахгүй үхэх тухай ярьж муу ёрлоод яахав. Ингэж ядуурлыг бууруулдаг юмуу? Та нар тэр япон мэргэжилтнүүдийн, америк зөвлөхүүдийн үгэнд улам сайн ороорой!
Цааш нь унших
Labels:
Нийгэм
Tuesday, July 1, 2008
Цагаа харамлахуй
Томоогүй багадаа би чинь хэмжээлшгүй саналаа
Тогтсон хэдхэн насаа цөөнийг нь мэдэж ухаарлаа... дуучин Батсүхийн “Насны ханш” дуунаас
40 гараад, амьдрал ид жигдэрч байх үедээ ингээд дуулаад сууж баймааргүй байна. Тэгэхээр цагийг зөв зарцуулах тухай үргэлж бодож, өөрийгөө хянаж байхаас өөр аргагүй. Нөгөө талаар нас ахих тусам ихэнхи хүмүүсийг шинийг сурч мэдэх, шинэ ажил эхлүүлэх урам зориг, идэвхи, оюуны хүчин чадал нь ч гэсэн сулардаг бололтой. “35 хүртлээ ямар нэг том нээлт хийгээгүй хүн суут эрдэмтэн болж чадахгүй” гэж Эйнштейн хэлсэн гэдэг. Энэ нь зөвхөн эрдэмтдэд биш, бүх хүнд хамаатай гэж бодож байна. 35 биш юм гэхэд ядаж 40 хүртлээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц нэг том ажил хийхгүй бол горигүй нь.
Цагийг зөв зарцуулах гэдэг ойлголт чинь хэлэхэд амархан боловч их нарийн учир жанцантай. Германы эрдэмтэн Ё.Кноблаухын (монголоор Сармис гэсэн марзан нэртэй) үзэж буйгаар “Цагийн менежмент” сэтгэл зүйн шинжлэх ухааны нэг бие даасан судлагдахуун болсноосоо хойш өнөөг хүртэл дараахь 4 үе шатыг дамжсан гэнэ:
1. Үйлдэлд чиглэсэн цагийн менежмент (ЦМ)2. Зорилгод чиглэсэн ЦМ
3. Хүчин чадалд чиглэсэн ЦМ
4. Ажил-амьдралын балансад чиглэсэн ЦМ
Тэгээд мань хүн өөрөө 5 дахь үеийг нь шинээр хөгжүүлж байгаа, энэ нь “Хамтын амьдралд чиглэсэн ЦМ” гэж “Ein Meer an Zeit“ (монголоор Цагийн Тэнгис) номондоо бичжээ.
Сармис гуайн хөгжүүлж байгаа онолыг нь харж л байя, тийм ч шинэлэг санагдсангүй. Эхний 4 үеийн ЦМ-ийг товчхон танилцуулахад үйлдэлд чиглэсэн гэдэг нь зөвхөн хүн оногдсон ажлуудаа яаж бага цагт үр дүнтэй амжуулах вэ гэдгийг судалдаг бол зорилгод чиглэсэн ЦМ-ийн дагуу хүн зорилгодоо хүрэхийн тулд чухам юуг хийх вэ гэдгээ сайтар бодож төлөвлөх ёстой. Хүчин чадалд чиглэсэн ЦМ нь хүн өөрийнхөө хүчин чадлыг сайтар мэдэж байх, тэгээд үүндээ тохирсон зорилгуудыг тавих нь зүйтэй гэдэг. Ажил-амьдралын балансад чиглэсэн ЦМ нь хүмүүс ЦМ-ийг зөвхөн ажлаа төлөвлөх хэрэгсэл болгож буйг шүүмжилж, алба ажил, хувийн амьдралаа аль алийг нь тодорхой зорилтуудын дагуу төлөвлөж байх хэрэгтэй гэж сургадаг.
Би Германд 8 жил амьдарсны эцэст Монголд өнгөрсөн 12 сард ирээд 1 сард ажилд ордог юм байна. Монголоос хол удсаныг ч хэлэхүү, эхний 3 сард наашаа гэсэн болгон руу очоод л, энд тэнд баахан улсуудтай танилцаж, албаны байдлаар уулзахтай нь уулзаж, шоудахдаа шоудаад л, баахан хүмүүстэй хамтарч ажиллахаар тохиролцов. Үнэндээ энэ нь сонирхолтой байсан л даа. Багаасаа л юм юмаар оролдож, энд тэндгүй явж байдаг зуршил ч бас нөлөөлсөн.
Сүүлийн үед нэг л бишээ. Ямар сайндаа цагийн менежментийн тухай бичээд сууж байхав. Германд оюутан байхад Монголд очоод ингэнэ, тэгнэ гээд л баахан юм бичсэн төлөвлөгөөндөө одоо нэг засвар хийхгүй бол болохгүй болж. Дээр дурдсан зорилгод чиглэсэн ЦМ гэдэгт анхаарлаа түлхүү хандуулахгүй бол хэтэрхий олон зүйлийг зэрэг амжуулах гэж яваад сүүлдээ юу ч үгүй болж мэдэхээр санагдах боллоо. Мэдээж ажлын хажуугаар гэр бүл, эрүүл мэнд, амралт, урлаг, соёлын хэрэгцээ, хувийн боловсрол (жишээ нь хятад хэл сурах) гэх мэт зөндөө асуудлуудыг зохицуулах, үүнд цаг зарцуулах шаардлагатай.
Германд цагийн менежмент судалдаг бас нэг эрдэмтэн болох Зайверт гуай хүмүүсээс “та хэдэн малгай өмсдөг вэ” гэж асуугаад, “зарим малгайгаа тайлж хаях хэрэгтэй юм биш үү” гэж анхааруулжээ. Малгай гэдэг нь нийгэмд гүйцэтгэж буй үүрэг ролиудыг нь хэлж байна. Жишээ нь би малгайгаа тоолъё. “Аав”, “нөхөр”, “хүү”, “дүү”, “найз”, “хамаатан”, “ХААИС-ийн Экстейншиний сургалтын төвийн эрхлэгч”, “Герман-Монголын Гүүр ТББ-ын У.З-ийн гишүүн”, “МАХН-ын гишүүн” гэх мэт байнга өмсдөг арваад малгай байна. Энэ нь цөөдсөн юм байлгүй, сүүлийн үед бас “блогчин” гэдэг малгай аваад өмсчихсөн.
Бас үе үе өмсдөг “судлаач”, “багш”, “зөвлөх”, “менежер”, “орчуулагч”, “шатар сонирхогч” гэсэн малгайнууд ч байдаг. Монголд ирснээс хойш хүмүүсийн надад өмсүүлчихсэн малгайнууд бас байна. “Хөршийн томоотой хүүхэд”, “СӨХ-ийн хурлын тэргүүлэгч” гэх мэт. Нийлээд 20, бараг 30 хүрэх байхаа.
Эдгээрийн заримыг нь, жишээ нь “аав”, “хүү” гэх мэтийг бол хаях боломжгүй нь мэдээж. Харин бусдаас нь заримыг нь тайлж хаяхгүй бол нэг мэдэхэд хаашаа, юунд хүрэх гэж яваагаа ч мэдэхээ болих гээд байна. Зайверт гуай “та эхлээд зорилго, зорилтуудаа сайтар бодож боловсруулах хэрэгтэй, тэгээд эдгээр зорилтуудад хүрэхэд чинь хэрэг болох малгайнуудаа үлдээгээд, бусдыг нь хаях хэрэгтэй” гэж зөвлөжээ. Үүнийг дахиад нэг уншвал “хэрэв ингэхгүй бол амьдрал чинь үр дүн муутай өнгөрнө шүү” гэсэн заналхийлэл мэт.
Олон малгайтай хүн өдөрт хэд хэдэн малгай сольж өмсөх хэрэг гарна. Би жишээ нь өглөө босохдоо л “аав”, “нөхөр” малгайнуудаа өмчихсөн байдаг. Тэгээд гэрээс хаалгаар гарангуутаа “сайн хөрш” малгайгаа өмсөнө. Машиндаа суунгуутаа “жолооч” малгайгаа, ажил дээрээ очингуутаа “ХААИС-ийн ЭСТ-ийн эрхлэгч” малгайгаа өмсөнө. Хүн ирэх буюу утас дуугарах болгонд өнөөх 30 малгайгаа бэлдэж тавиад, хэн ярьж байгаагаас нь шалтгаалж аль нэгийг нь өмсөнө. Гадуур ажил хөөцөлдөж явахдаа бас хэнтэй уулзахаас шалтгаалаад янз бүрийн малгайгаа солиод л өмсөөд байна.
Хэтэрхий олон малгайтай байхад үнэндээ зарим нэг талаараа ашигтай мэт боловч нөгөө талаараа маш хортой. Америкийн нэг киноны гол дүрийн нөхөр, бас надархуу хаа сайгүй цохиж явдаг сайхан гар, “I am everywhere and nowhere“ гэж цухалдаж байдаг санаанд орж байх чинь. Монголоор утгачилбал “би хаа сайгүй байгаа юм шиг мөртлөө хаана ч байж чадахгүй байна” гэсэн үг л дээ. Энэ их чухал үг юм шиг надад санагддаг. Хүн тодорхой нэг ажилд хамаг анхаарлаа хандуулж байж л тэр ажлаа бусдаас илүү хийж чадна. Мэдээж өнөөгийн нийгэмд ихэнхи ажил мэргэжлийн хувьд зөвхөн нэг төрлийн ажил хийх боломжгүй, янз бүрийн л даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болдог. Гэхдээ л хүн өөрийн гэсэн зорилго, чиг шугамтай байхгүй бол бусдын хий гэсэн бүгдийг, эсвэл орлого олох боломжтой бүх ажлыг хийгээд яваад байвал нэг мэдэхэд нөгөө Батсүх гуайн дууг дуулаад сууж байх вий.
Миний хувьд зарим нэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа. Бүтэн сайн өдөр гар утсаа унтраадаг, шоудах бол Баасан, Бямба гаригт биш, долоо хоногийн дундуур амжуулдаг болсон. Сонгуулийн дараа МАХН-ын идэвхтэн гишүүн, МАСЗХ-ны салбар зөвлөлийн дарга байхаа больж, зүгээр “сул” гишүүн болохоор шийдсэн. Ирэх жилээс оюутнуудад хичээл орохоо болино, орос хэлээ сэргээхээ энэ жилдээ азнана гэх мэт шийдвэрүүдийг гаргаад байна. Оройтоогүй дээрээ амьдралаа цэгцлэх минь.
Эйнштейн гуайд нээрээн Израйл улсын анхны ерөнхийлөгч болох санал ирснийг мань хүн хүлээж аваагүй гэдэг. Бодвол цагаа харамласан байх л даа.
Томоогүй багадаа би чинь хэмжээлшгүй саналаа... Цааш нь унших
Labels:
Эргэцүүлэл
Хэтэрхий болгоомжтой байх л хамгийн том аюул
Бидний сэтгэхүй ихэвчлэн тогтсон загварын дагуу ажилладаг. Хэдийгээр загварын дагуу сэтгэх нь цаг, энерги хэмнэдэг боловч гарч буй үр дүн нь үргэлж адилхан байдаг. Заримдаа шал хөндлөн сэтгэж байя л даа!
Хэрэв та ямар нэг шинэлэг санаа, өвөрмөц шийдэл хайж байгаа бол одоо сэтгэж буй загвараа орхи. Дассан дүрэм, журам, хууль, теорем, үндэслэлүүдээ бүгдийг нь үл тоомсорлоод, толгойнд чинь ямар л санаа буунав, түүнийг цуглуул. Утга учиргүй, инээдтэй зүйл сэтгэлээ гэж өөрийгөө бүү шүүмжил, бусдын шүүмжлэл, тохуурхлаас битгий болгоомжил. Ингээд ч шинэлэг санаа төрөхгүй бол тогтсон загварыг бүр албаар зөрчиж, хамгийн утгагүй санаануудыг цуглуул. Брэйнсторминг-ийн аргыг хэрэглэ. Дандаа очоод байдаггүй, сонирхолтой газруудад оч, жишээ нь Жанрайсэг хийд, Хийморийн овоо, Хамрын хийд гэх мэт. Хотоос зайдуу газар машинд сууж явахдаа, эсвэл хот дотор микроавтобусанд чихэлдэж явахдаа, саунд хөлөрч суухдаа, 100 грамм татчихаад найзтайгаа биллиард цохиж байхдаа нөгөө асуудлаа бодоод үз. Таны наад сэдэв буюу асуудлын чинь тухай ямар ч мэдлэггүй хүмүүсээс зөвлөгөө хүс. Нарантуулын наймаачнаас, баарны зөөгчөөс, 1-р ангийн жаалаас, 80 настай эмээгээс саналыг нь асуу.
Цааш нь унших
Labels:
Prof. Seiwert-ын мессежүүд
Subscribe to:
Posts (Atom)