Saturday, July 26, 2008

Үлгэрийн цаг: Гадаадууд Монголын ядуурлыг бууруулсан нь

Эрт урьд цагт Монголчууд ядуу байжээ. Тэгсэн чинь америк, япон, герман, солонгосууд, бас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн "ядуурлыг бууруулдаг мэргэжилтнүүд" ирээд ядуурлыг бууруулах төсөл нилээд хэдийг хэрэгжүүлэв. Тэдний хүчинд Монголд ядуу хүнгүй болж, амар сайхандаа жаргажээ.

Ямаршуу үлгэр байна?

Зав муутай уншигч миний бичлэгийг бүгдийг нь уншаад яахав. Миний хэлэх гэсэн гол санаа бол "Ядуурлыг бууруулах төслүүд ядуурлыг бууруулж чадахгүй" гэдгийг одоо бараг ойлгоо биз. Харин Эрдэнэболор яагаад ингэж хэлэх болов гэж сонирхож байвал тухлан саатна уу.

Ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн тухай би янз бүрийн статистик бичихээ больё. Гадаад хэргийн болон Сангийн яамны ажлыг би хийгээд яахав. Харин энэ талаар өөрийн мэддэг, боддог зарим зүйлүүдээ хуваалцъя гэж бодлоо. Нэг жишээнээс эхлэе л дээ. Би Германд энэ сэдвээр нэг семинарт нилээд олон орны залуустай хамт оролцсон юм. Германчууд мэдээж эхлээд өөрсдийнхөө хийдэг ажлын тухай, ялангуяа засгийн газрын хөрөнгөөр ядуурлыг бууруулдаг GTZ байгууллагынхаа тухай л яриад л эхэлнэ биз дээ. За тэгээд германчууд янз бүрийн л юм яриад байна. Харин оролцогч бидний хувьд жинхэнэ семинар орой нь эхэлсэн юм. Ганц хоёр шил пиво уугаад, бүжиглэх нэг нь бүжиглээд, ярилцах дуртай нь нэг буланд бөөгнөрөөд. Гайхалтай нь GTZ манай оронд ингэж тус болсон, манай орныг ингэж хөгжүүлсэн гэж хэлэх хүн нэг ч гарсангүй. Бүгдээрээ л шүүмжилж байна. Африкийн нэг оюутан хэлж байна. Өөрөө GTZ-д ажиллаж байсан, сард сайндаа л 500 доллар авдаг байсан, гэтэл германчууд 5000 долларын цалин аваад, дээр нь баахан нэмэгдэл, тэр дундаа гэрийн үйлчлэгчийн цалинд өгөх мөнгийг хүртэл нэмэгдэл болгож авч байсныг хуучлав. Бас нэг азербайжан нөхөр урьд нь GTZ-д ажиллаж байж. Англи, герман хэлтэй, уул уурхайн чиглэлээр магистр зэрэгтэй тэр найз маань 300 долларын цалин аваад эхэндээ баярлаад яваад байж. Гэтэл яваандаа өөрөөс нь боловсрол нимгэн герман залуу шинээр ажилд ормогцоо 3000 доллар авахад дургүй нь хүрээд цалингаа нэмүүлэхийг шаарджээ. Нөгөөдүүл нь мэдээж эелдгээр татгалзаж. Ингээд мань эр хувийн компани барааджээ.

Дээрхи жишээнүүд Монголд яг адил давтагдаж байгаа. Би өөрөө олон улсын байгууллагад ажиллаж үзээгүй. Гэхдээ ихэнхи ажиллагсад нь 300-500 долларын цалин авдаг, төслийн зохицуулагч нар нь л 1000 хавьцаа авдгийг мэднэ. 300-500 долларын цалин бол өнөөдөр Монголд тийм өндөрт тооцогдохгүй. Тэгсэн мөртлөө тэдний ажилд хүн авах шалгуур нь маш өндөр. Тэр шалгуурт нь нийцсэн хүн цалинг нь голмоор. Гэхдээ энд би нэг тайлбар хэлэх хэрэгтэй байх. Учир нь миний цалин 300 доллар ч хүрэхгүй. Гэхдээ миний хувьд ядуурлыг бууруулах төсөл дээр 500 долларын цалинтай ажилласнаас одоогийн ажлаа хийгээд, хажуугаар нь бас бус орлого (шударгаар шүү!) олоод явах нь хавьгүй ашигтай байдаг. Харин гадны төсөлд ажиллавал цалингаас гадуур орлого олох зав зай, боломж муутай.

Ядуурлыг бууруулна гэдэг тийм амархан ажил ерөөсөө биш. Ийм ажилд өндөр боловсролтой, чадвартай мэргэжилтнүүдийг сонгож ажиллуулах ёстой. Гэтэл харамсалтай нь бодит байдалд ийм байж чадахгүй байна. Өнөөдөр Монголд сайн мэргэжилтэн сард 1000-2000 доллараар үнэлэгдэж байгаа. Гэтэл манайд ажиллаж буй гадаадууд энэ байдлыг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй. Тэд статистикт л итгэдэг. Статистикийн эмхэтгэл дээр Монголын дундаж цалин 200,000 төгрөг гээд байж байгаа учир тэд төслийн мэргэжилтэнд 1000 долларын цалин өгдөггүй. Ингээд гараа нь буруу эхэлж байгаа юм. Төслийн явцад нарийн мэргэжлийн хүмүүсийг сургагч багш, зөвлөхүүдийг бас цагаар буюу өдрөөр авч ажиллуулна. Өдрийн цалин нь 38,500 төгрөг билүү дээ. Энэ цалин бас л үнэхээр сайн мэргэжилтэнд бол гологдоно шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн 2-р зэргийн мэргэжилтнүүд тэр ажлыг хийж таарна.

Ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн төсвийн 80 орчим хувийг тэнд ажиллаж буй гадныхан өөрсөддөө зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Эд нарын цалин сард дор хаяж 5000 доллар, тэгээд л дээшээгээ бол хязгааргүй. Гадаад зөвлөхийн өдрийн цалин 1000 доллараас доош бараг л байхгүй байх боловуу. Тэгээд тэд бизнес классаар нисч, Чингис, Баянголд байрлана. За яахав, өндөр цалин авч болно, гэтэл ажлаа хийж чадаж байна уу гэдэг асуудал хамгийн гол нь. Үүнийг хэмжих гол үзүүлэлт бол үр дүн. Европын холбооны ТАСИС-аас нэг төсөл Монголд "Газар тариалан, мал аж ахуй хослуулан хөгжүүлэх" гэж нэг төсөл хэрэгжүүлсэн юм. 3 жилийн турш хэрэгжсэн, нилээд хэдэн сая евро цохисон төсөл. Харамсалтай нь өнөөдөр барин тавин хэлчих үр дүн үлдсэнгүй. Төслийн удирдагч нь сүүлд GTZ-д ажиллаж байгаад нэг мэдэхэд алга болсон. Авгай хүүхний асуудлаас болж хөөгдсөн сураг дуулдсан. Тэр нөхөртэй би уулзаж байсан, их л завгүй царайлсан, томрох гээд ядчихсан өвгөн байна билээ. Хийж чаддаг гол ажил нь төслийн тайлан бичих. Даварсан зөнөг чинь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын мэргэжилтэй нэг австри хүүхнийг Монголд хөдөө аж ахуйн зөвлөхөөр урьж ажиллуулж байсан юмдаг. Намайг ингэж бичлээ гээд энэ төсөл дээр ажиллаж байсан хүмүүс уншвал зөвөөр ойлгоорой, зөвхөн миний л бодол шүү.

Сүүний салбарыг сэргээн сайжруулах НҮБ-ын төслийн удирдагч бас нэг англи юмуу америк ч юмуу өвгөнтэй имэйлээр харьцаж байсан. Сүүний зах зээлийн судалгаагаа хийсэн бол тайланг нь өгөөч гэж гуйсан юм. Төслийнх нь ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байсан учраас гуйсан хэрэг л дээ. Гэтэл надад өгөх биш харин өөдөөс нэхдэг байгаа. Та зах зээлийн судалгаа хийвэл бидэнд өгчихөөрэй гэж авдаг юм байна. Сүүлд тэр өвгөний зах зээлийн судалгааны тайланг сонин дээрээс үзсэн. Статистикийн эмхэтгэлээс хэдэн тоо авчихсан, тэгээд зайлуул бичих юмаа олж ядахдаа Азийн хэдэн орнуудын сүүний хэрэглээний статистикийг бас тавьчихаж. Хятадууд бага сүү ууж байна, монголчууд Хятад руу сүү экспортлох хэрэгтэй гэж "тасархай" зөвлөгөө нэгийг өгчээ. Өвөө, 10000 долларын цалин авах гоё байдаг уу?

Байдал иймэрхүү л байна. Гэхдээ болоогүй, би ядуурлыг бууруулах ажлын бас нэг том дутагдлыг онцгойлон хэлье. Арга барил нь болж өгдөггүй. Зах зээлийн нийгэм хөгжсөн аль улсад иргэдийнх нь амьжиргаа дээшилсэн явцыг харж байгаад би хувьдаа нэг л дүгнэлт хийлээ. Цөөн тооны ядуучууд нөгөө „Америк мөрөөдөл“ гэдэг шиг хувийн бизнес хийж баяжсан юм байна. Харин ихэнхи ядуучууд ажил хийгээд, тэр ажлынх нь цалин аажмаар нэмэгдсээр байгаад амьжиргаа нь дээшилсэн байх юм.

Тэгэхээр ядуурлыг бууруулахын тулд 1-т ажлын байрыг нэмэгдүүлэх, 2-т үнэхээр бизнес эрхлэх чадвартай, сонирхолтой ядуучуудад бизнес эрхлэхэд нь туслах ёстой. Мөн үүнээс гадна 3-т хөдөлмөрийн чадваргүй хүмүүст, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд болон олон хүүхэдтэй өрхүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг тотвортойгоор сайжруулбал зохино. Хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байхад хүүхэд нь ямар ч байсан сургуулиас гарч ажил хийх шаардлагагүй, сургуулиа төгсөөд дээд сургуульд оръё гэхэд төрөөс төлбөрийг нь даадаг байх нь зүйн хэрэг.

Дээрхи гурван зорилтын аль нэгийг нь илүү чухал гэж үзэж болохгүй, бүгд адилхан чухал. Ядуурлыг бууруулъя гэвэл гурвууланд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэтэл манайд ядуурлыг бууруулах гэж ирсэн гадныхан 2, 3-р зорилтод чиглэсэн ажлыг хагас дутуу хийхчээ аядаад, эхнийхийг бол үндсэндээ орхигдуулж байгаа. 2-р зорилтыг яагаад дутуу биелүүлж байна гэхээр бизнесийг дэмжиж байна гээд хэдэн ядуучуудыг цуглуулаад сургалт явуулах болдог, гэтэл нөгөө сургалт нь яаж явагддаг билээ? 38,500 төгрөгийн ханштай багш нар хичээл заасан нэр зүүнэ, нөгөөдүүл нь юм сурсан дүр үзүүлнэ. Үнэндээ би өөрөө ч (ажлын шаардлагаар гэхүү дээ) ийм сургалт нэг бус удаа гаднын байгууллагын захиалгаар зохион байгуулсан. Ногоо тарих сургалтанд тэтгэврийн голдуу хэдэн авгай ирдэг юм. Зарим нь ач, зээгээ дагуулаад ирэхийг нь яана. Үнэгүй хоол идүүлэх гэдэг юм болов уу. Дахиж ийм сургалт хийхгүй юмсан. За тэгээд бичил зээл өгдөг нэг арга байна. Зээл авахад төсөл бичих хэрэгтэй. Төслийг банкны ажилтнууд шалгаруулна. Тэдний шалгуур бол тодорхой, хамгийн гол нь төсөл сайн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нөгөө ядуусыг чинь төсөл бичиж сурах гэсээр байтал амьжиргаатай (ядуу гэж хэлэхээргүй) хэсэг хүмүүс төсөл бичиж мэргэшсэн хүмүүсээр хөлсөөр бичүүлээд өнөө бичил зээлийг аваад дуусгачихдаг. Харин 3-р зорилтын хувьд бол төслүүд хэрэгжих үедээ л ядууст тусламж үзүүлнэ үү гэхээс төсөл дуусаа л бол тэгээд баяртай шүү дээ. Нийгмийн халамжийг тогвтортой сайжруулахын тулд гол нь манай бизнес эрхлэгчид ашиг сайн олж, татвар сайн төлөөд, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд тэр ядуурлыг бууруулдаг газруудын оруулж буй хувь нэмэр юу байх билээ.

Өчигдөр би Улаанбаатар хот орчмын зарим нэг үнээний фермүүдээр явж судалгааны зорилгоор мэдээлэл авлаа. Фермерүүдтэй уулзаж ярилцлаа. Нэг гомдол хэлж байна. Төрөөс ч тэр, олон улсын байгууллагуудаас ч тэр хөдөө аж ахуйг дэмжих ажил зөндөө хийдэг, тендер мендер зарлаад байдаг боловч тэдэнд ямар ч хүртээлгүй байдаг гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас сайн үүлдрийн 10 үхэр зээлээр өгнө гэсэн зар тараахаар яваад очдог юм байна. Тэгэхээр яамныхан өөдөөс нь, танд өгөхгүй, яагаад гэвэл энэ бол ядуурлыг бууруулах ажил, харин та ядуу биш байна гэж амыг нь тагладаг гэнэ. Дэлхийн банк ч юмуу аль нэг ядуурлыг бууруулдаг газар манай яаманд мөнгө өгөөд “за та нар энэ мөнгийг зөвхөн ядуучуудад зориулдаг юм шүү” гэж захисан бололтой. Эсвэл манай төр өөрөө ядуурлыг бууруулах синдромд автчихаа юу?

Манай фермерүүдийн зарим нь, олон улсын байгууллагуудад хандаж үзэв гэнэ. Тэд ядуурлыг бууруулах ажилдаа хэт их анхаараад завгүй учир бие дааж бизнес эрхлээд явж буй фермерүүдийг хүлээж авдаггүй. Энэ бодлого буруугаас гадна, дээрхи жишээн дээрхи шиг манай төрд халдварласнаар маш ноцтой үр дагаварт хүргэж байна. Бизнес хийж зовж байсны оронд ядуу байсан нь дээр болчихож. Ингээд юм хийе гэсэн санаачлагатай хүмүүсээ цааш нь түлхээд байвал юун ажлын байр нэмэгдэх, юун нийгмийн халамж сайжрах, юун ядуурал буурах. Нийтээрээ ядуугаараа л үлдэнэ.

Манай жижиг бизнесменүүд, тухайлбал Улаанбаатар хот орчмын үнээний фермерүүдийн 95 орчим хувь нь үнэхээр өөрийнхөө санаачлагаар бизнес эрхлээд яваа хүмүүс. Урьд нь хотод амьдарч байсан хүмүүс орон байраа хүртэл зарж байж гарааны хөрөнгийг босгосон. Хөдөөнөөс ирсэн хүмүүс нь хамаг малаа зарж байж, зарим нь хөл дүүжлэх ганц Иж-Планетаа хүртэл зарж байж хэдэн сүүний үхэр авч бизнесээ эхлүүлсэн. Тэд цэвэр өөрийнхөө чадлаар өдий хүртэл явна. Тэгж яривал малчид зуданд малаа үхүүлчихээд “байгалийн гамшигт нэрвэгдлээ” гэж уйлан дуугарч байгаад нөгөө ядуурлыг бууруулах байгууллагуудаас, бас төрөөс үнэгүй мал, өвс тэжээл авч байхад фермерүүд хэзээ ч тэгж байгаагүй. “Зуд” гэдэг бол байгалийн гамшиг биш, харин менежментийн гамшиг гэдгийг тэд нотолж буй. Нэг сая хүнтэй Улаанбаатар хотыг чанартай сүүгээр хангах гээд л хамаг хүчээ барж байгаа, нөгөө талаар бараг фермер бүр нутгийнхаа нэг айлыг ажилтай болгож, харин ч жинхэнэ ядуурлыг бууруулж байгаа хүмүүс шүү дээ. Тэднийг дэмжээд өгвөл нэг байтугай нилээд хэдэн айлыг ажилтай болгож чадна. Зөвхөн тэдний туслах малчдаас гадна сүүг нь боловсруулах, борлуулах гээд зөндөө хүнд хийх ажил гарна биз дээ.

Би дахин хэлье, асуудлын нэг талыг хэт барихыг хүсээгүй юм шүү. Гэтэл асуудал өөрөө нэг тал руугаа, тухайлбал “ядуурлыг бууруулахын тулд зөвхөн ядуучуудад туслах хэрэгтэй” гэдэг хэт хялбар төсөөлөл рүү гүн хэлбийчихсэн учраас одоо нөгөө талыг нь түлхүү ярихаас өөр аргагүй байна.

“Ядуурлыг бууруулах” үлгэр, юм хийх эрмэлзэлтэй, юм хийж чаддаг хүмүүсийг дэмжсэн цагт л биелэлээ олно. Ингэж чадахгүй бол харин ч ядуурлыг нэмэгдүүлэх болно. Ерөөсөө бүгдээрээ энэ муу хар энерги шингэсэн нэр томъёог хаяад, харин “баяжилтыг нэмэгдүүлэх” тухай ярьцгаая, тэгэх үү?

Жич: би энэ сэдвийг мэдээж зөвхөн блогон дээр бичээд орхихгүй, цаашид байдлыг засч залруулахад бодитоор хувь нэмэр оруулахыг хичээх болно.

Үхэр зээлээр өгдгийн хувьд нэмж хэлэхэд ер нь хөдөө аж ахуйн яамныхан тэгээд тус бүр нь 2 сая төгрөгийн үнэтэй, өдөрт зөвхөн тэжээлд 6000 төгрөг нэхдэг, тохилог байр сав, маллагааны нарийн технологи шаарддаг малыг, хэн нэгэн ядуу хүнд зээлээр өгчихөж болно. Гэтэл нөгөө хүн маань өдөрт өөрийнхөө хоолонд 6000 төгрөг зарах чадалгүй байж хаанаасаа 60,000 төгрөг олж 10 үхрээ тэжээх болж байна аа? За тэгээд цаашилбал тэр үнэтэй цайтай мал Монголд дасахгүй үхэх тухай ярьж муу ёрлоод яахав. Ингэж ядуурлыг бууруулдаг юмуу? Та нар тэр япон мэргэжилтнүүдийн, америк зөвлөхүүдийн үгэнд улам сайн ороорой!

16 comments:

Anonymous said...

Unen tasarhai bichjee. Ug ni yanz buriin moengo tuslamj helbereer gadaadyin orond orj irdeg yum chini Mongold orj irehed bidend sain baih. Tegehdee neeree ooriin chini bichsenees zorilgo ni uil ajillagaa ni neg l bishee. Tend ajilladag Mongol mergeiltnuud ch gesen unen chadvargui yumnuud bdag yum. Za tegeed AFrikiin jisheenees harahad barag delhiin yaduurlyig buuruulahad chiglegdsen buh moengo tiishee ursaad baihad ulam yaduuraad l bolohoo bailaa. Butsaad koloni bolchihvol Afrikuud barag deer baihoo.Ter avgai nar chini hicheel deer aimaar untiin shd. Yalanguya holnyi daraa. Chi surgaltaa ooroo zohio baiguulaad unetei sain surgalt hiij bolno shd.

Anonymous said...

Toer zasag maani eniig baitugai uls ornyi tusgaar togtnoloo ch uchryig ni olohgui yavna. Unegui yum unegui l baidag shd. Amjilt husye

Galaa said...

Яг нөгөө загатнасан газар маажив гэдэг шиг л өгүүллэг болсон байна.Бид өөрсдөө л санаж сэдэж хийхгүй бол өөр хэнд ч найдах билээ.Гадны тусламж дэмжлэг гэдэг угаасаа л эрх ашгийн сонирхол байгаа гэдгийг манай дээдчүүл мэдэж л байгаа.Тэд нарт улсаа гэх сэтгэл байдаггүй нь үнэн ш дээ.Эсвэл зүгээр л чадваргүй гэсэн үг.Чамд амжилт хүсэж байна.

gegeen said...

tegye tegye. herhen bayajih tuhai yariltsatsgaaya.

heduulee yu setgej boloh tuhai bodloo yariltsya.

www.gegeen.com

ganga said...

gadni tuslamj nereer tusalj baigaa oron uuriin irgedee tsadtal hoollodog chuham uneniig sain helsen baina. Manaid chadvar sul, uls Mongoloo gedeggui, huvia borluulsan (yadaj huviin business hiih chadvar zoriggui) heden hun l tusluus tusul damjaad yavaad baidag.

Б.Эрдэнэболор said...

Сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа.

anonymous: Тусламж авснаараа хөгжсөн орон гэвэл дэлхийд цөөхөн. Өмнөд Солонгос, Тайван, Сингапур гурав л байх. Гэхдээ энэ гуравт бол АНУ мөнгөөр туслахаас илүүтэй менежментийн туслалцаа үзүүлж, бас гадаад харилцааг нь тал бүрээр дэмжсэний хүчинд хөл дээр нь босгосон. Үүний цаана Америкийн геополитикийн бодлого байсан. Африк болон Азийн бусад орнуудын хувьд бол мөнгө аваад л байдаг, хөгжсөн юм үнэндээ алга.

anonymous: Үнэгүй юм үнэгүй байдаг гэж яг үнэн хэллээ.

Galaa: Манайхан гаднын тусламжинд ач холбогдол өгөх ямар ч шаардлагагүй. Зарим талаар энэ тусламжийн байгууллагууд хөгжилд бүр садаа болж байна. Жишээ нь үнэгүй ном тараадаг нь ном бичиж оюуны бизнес хийх хүсэлтэй олон хүнийг зах зээлгүй болгож байна.

Ганга: Хөдөө аж ахуйн салбарын төсөлд урлаг судлаач хүн мэргэжилтнээр орчихсон цохиж явна лээ шүү.

Б.Эрдэнэболор said...

Gegeen: Монголд юу хийж, яаж баяжиж болох тухай санал солилцох залуучуудын уулзалт зохион байгуулах юмсан. Нээх эх орноо яаж хөгжүүлэх вэ энэ тэр гэж номчирхолгүй, зүгээр л Монголд ямар ажил, ямар бизнес хийвэл амьдарч болохоор байна, ажил яаж олох вэ, бизнес яаж хийх вэ гэсэн асуудлуудаар маш энгийн байдлаар ярилцмаар байна.

Anonymous said...

Tiim shuu, uuriin chin bichsen zuiltei sanal neg b.na, bi mun kheden jiliin umnu iim khelberiin tusul deer ajillaj b.san, nadad khamgiin kharamsaltai sanagdsan yum ikh zardal gargaj todorkhoi khemjeenii sudalgaa yavuulsan murtluu tuuniikhee muruur ajillakh Yam Tamgiin gazar b.daggui bolokh ni ajiglagdsan. Asuudliin gol ni khen unekheer yaduu b.dalaasaa uuriinkhuu khucheer garakhiig khusch b.na ve, uund yamar arga zam b.j bolokh ve gedgiig l todruulmaar yum bilee. Unen kheretee Yam Tamgiin gazar ch ene asuudlaa ul suuritai avch uzdeggui, tednii yag yug zorij ajil khergee yavuuldag ni burkheg sanagdsan shuu, golokh setgel mash ikh turj b.san

gegeen said...

shine bichleg nemehgui yagaa ve. chi ingehed germany-d baidag humuus tanih u. tanih bol gegeen@yahoo.com -r email bich geed helchihgui. sonirholtoi business sanaluud bn

Б.Эрдэнэболор said...

gegeen-d

za odoo neg yum bicheedehye. germand uneniig helehed dandaa surguuli soyoloor yavsan bolohoor business-iin talaar tanil muutai. Gehdee gants neg hun baina. Yer ni ta germand baidag mongol huntei yumuu esvel german huntei haritsah talaar asuuj baina uu?

gegeen said...

germany-d baidag, yalanguya berlinii mongolchuudtai holboo togtooh heregtei baigaa

Barimalch said...

Mongold bodit baidlaas tasrah handlaga gadniihnii "het medemhii" tosluuded ih baigaa l daa. Uuniig n ingeed ehnees ooriin chine adil shineleg bolovson huchinuud uulnees gazart buulgaj ogvol udahgui ur ogooj arai saijrah baihaa. Bid bugd l bodit ur dungiin toloo l ajillah heregtei baih l daa ternees sain muu saihan muuhai hamaagui etssiin dundee mongol hun hojij l baival bidnii jaahan sursan bolovsroliin bodit chanar ilreh bolov uu. Tsaashid ajliinhaa iimerhuu iltgel shiideluudee helj baival olon hunii nudiig neej tus boloh baihaa.

Anonymous said...

тийм шүү. сайхан санаа хэлжээ. гэхдээ би тийм төсөл энэ тэрийг нэг их сонирхдоггүй ээ. нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч. энэ олон төсөл хөиөлбөр хэрэгжсэнээр Монгол улс хөгжинө гэж байхгүй мэт санагддаг. Нэг нөхөр нээх бааххан юм яриад тоо баримт дурдаад л, мундаг судалгаа шинжилгээ хийгээд л байдаг. Үнэн хэрэг дээрээ тоо баримтын хойноос хөөцөлдсөн төдий л юм. Амьдрал дээр хэрэгжиж байгаа нь юу байгааийн. за яахав тэр мундаг ноён долларын зарим нь захын сум гэр хороололд чанартай, чанаргүй хэдэн байшин болдог л байх л даа. хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчинг үнэлэх тал дээр ч тэр. чамтай санал нэг байна аа.

Б.Эрдэнэболор said...

barimalch: зарим олон улсын байгууллагууд сүүлийн үед ажлаа сайжруулах, ялангуяа үнэлгээний тогтолцоогоо сайжруулахад анхаарч байгааг нэмж хэлэх нь зүйтэй байхаа. Ер нь тэгээд ямар байгууллага гэхээсээ илүү хэн тэнд ажиллаж байгаагаас л шалтгаалдаг.

anonymous: ихэнхи төслүүдийн ажил цалин багатай боловч давхар орлого боломж муутай юм билээ. Ялангуяа хөдөө их явдаг төслүүдэд бол нэг өдрийн томилолт гээд 38 мянган төгрөг л авч байгаа.

Anonymous said...

OK Neeren shuu ene gadaadiin mergejiltenuudiig jinhene olj onoj songoj avahgui bol unendee ajiliig nuraaj baina minii huvid tusul NGO gej yavaagui ldee aj ahui buteen baiguulalt taldaa ajildag getel manai companyd neg mergejilten darga ireeed neg aihtar tuluvluguu bolovsruulaaad ajillaj ehelveee getel unuuh mongoliin nuhtsuld denduu ersdeltei, ajiliin guitsetgeliin tsag hugatsaanii medremj baihgui PLAN iig het shahuu bie daan hiisneer ajiluud graphic hugatsaaandaa duusahgui bolj baigaan tegsen murtuu ajliin tailan bichihdee yamar mundag geech kkk odoo ter hunees bolood company heden zuun say iin aldagdal huleehiig bi taashgui

engineer ...

Anonymous said...

erdeneboloroo , bi chinii bodliig unshih saihan bailaa. bi yamar neg tosold orj uzeegyi gehdee gadnaas ni harj baihad gol ni humuust ni yadaj ter ondor tsalin avch baigaa hemjeenii setgel ogt baidaggyi sh dee, yagaad gevel yaduu gedgiig ted ogt oilgohgui oorsdoo olsoj uzeegyi sh dee ter sudalgaa hend ch hereggyi harin ene talaar buur delgerengyi bicheerei , bi bol ter tsalind ogch baigaa mongooroo material oyodliin mashin avch ogood oyoson yumiig ni hudaldaj ogdog system bii bolgooch ee gemeer bna, ddem_ddem