Ноднин Германы нэг жижигхэн хотын сүмд ордог юм байна. Би ч ямар тэр архитектур энэ тэрийг нь сайн ойлгох биш, сонирхсон ч үгүй, харин хамт явж байсан нэг өвгөнтэй яриа өдөх санаатай “Германчууд сүмээс их гарч байгаа гэж үнэн үү?” гэж асуулаа. Угийн дуу цөөтэй өвгөн “Тэр ч үнэний хувьд үнэн” гээд чимээгүй болчихов. Би ч нэг ам нээснийх “Сүмд татвар төлөхөөс дургүйцдэг байхаа даа” гэсэн нөгөөдөх чинь харин дуу орж “Харин тийм. Гэхдээ тэр сүмээс гараад байгаа хүмүүс үхэхийнхээ цагт эргээд сүмээ л барааддаг юм даа” гэж авдаг юм байна. Аргагүй л настай хүний, юм бодуулахаар үг. Орчин үед шашин хоцрогдсон гэх ойлголт Баруунд мэр сэр бий, Монголд ч гэсэн иймэрхүү зүйл яридаг хүмүүс бий. Гэтэл үхэхийн цагт хойдохыг нь унших лам хэрэг болж л таарна шүү дээ.
Үнэнийг хэлэхэд би өөрөө шашин шүтлэг гээд сүйд болоод байдаггүй. Гэхдээ л шүтлэг хүнд байх ёстой зүйл гэж боддог. Миний өвөө залуудаа улаан коммунист явсан хүн, насныхаа эцэст намайг дагуулаад Баянхошуу, Гандан хавийн лам нарынхаар мөн ч их очдог байж билээ. Өөрөөс нь хойших миний ирээдүйг даатгаж л явж байсан юм боловуу даа. Тэр үеийн лам нарын тухай нэг зүйл хэлэхэд өвөө маань ламд мөнгө төгрөг өгч байсныг би ерөөсөө санадаггүй, харин тэр лам нар л дандаа надад чихэр, боов өгдөг байсныг санадаг юм. 1989 онд ээжтэйгээ Гандангийн нэг ламынд очоод бас үзүүлж харуулсныхаа дараа 10 төгрөг өгсөн чинь уурлаад, шидэх нь холгүй буцаагаад өгч билээ. Одоо ч ийм лам ховор байхаа.
Шашин шүтлэг хүний хувийн амьдралд хэрэгтэйгээс гадна улс оронд маш их хэрэгтэй зүйл юм гэсэн бодол сүүлийн үед төрөх боллоо. Монголчууд ухамсрын доройтолд орчихож. Залуучууд захиалгаар хүн алдаг, хүүхнүүд хэдэн зуугаараа Хятад, Сингапур, Малайзад хэнэг ч үгүй биеэ үнэлээд явж байдаг болчихож. Зүгээр өөртөө тохиолдсон зарим хөгтэй явдлаа ярихад нэг удаа 40 эргэм насны эгч манай ажил дээр ирээд надтай хамтарч ажиллах тухай баахан юм яридаг юм байна. Өөрөө нэг ногооны жижиг аж ахуй эрхэлдэг, ядууст зориулсан сургалт явуулдаг, тэгээд л манай байгууллагатай хамтрах санал тавиад байх юм. Тухайлбал манайхаас гарын авлага авмаар байна л гэнэ. Тэгээд би түүнд хэдэн гарын авлага өгөөд бас хүнсний ногооны тухай нэг сайн сурах бичиг байдгийг худалдах гэтэл тавиур дээрээс алга болчихож. Хамт ажилладаг залуугаас сурагласан чинь нөгөөдөх маань харин “Та түрүүн уншиж байсан, цүнхэндээ хийчихсэн юм биш үү?” гээж палхийтэл асуугаад бараг хүчээр шахуу цүнхийг нь онгойлгуултал яах аргагүй нөгөө номыг хийчихсэн байх юм. Тэгээд гаргаж өгснөө огт санаа зовсон шинжгүй нөгөө яриагаа үргэлжлүүлж байгаад гараад явсан юмдаг. Үгүй нээрээ, хүн манай байгууллагын хөрөнгийг хулгайлчихаад өөдөөс хамтран ажиллах тухай яриад байвал би уурлах ёстой юу, эсвэл инээх ёстой юу? Бас нэг удаа таксины жолоочтой буу халж явтал нөгөөдөх чинь “зарим өдөр их азтай, хүмүүс цүнх, гар утсаа орхиод буучихдаг юм” гэж хэнэг ч үгүй гайхуулж байх юм.
Манайхан хууль гэж их яридаг. Хуулиа дээдлэх ёстой, хуулийн дээр юу ч байхгүй гээд л манай том том улс төрчид яриад байна. Гэтэл ихэнхи хууль нь хэрэгжиж чаддаггүй. Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдахгүй гэсэн хуулийн заалт хаана хэрэгжиж байна вэ? Авилгын тухай хуулийн хэрэгжилт ч гэсэн тааруухан л байх шиг санагддаг.
Хууль хэрэгжихгүй байгаагаас гадна угаасаа хуулиар нийгэмд тулгарч буй бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гадаадад биеэ үнэлж буй хүүхнүүдийг болиулах хууль гэж байна уу? Хятад, Сингапур луу манайхан визгүй гардаг учраас тухайн хүн биеэ үнэлэх гэж яваа эсэхийг мэдэх ямар ч арга байхгүй. Таксинд гар утсаа орхиод буусан хүн эргээд авъя гээд заргалдахад гэрч байхгүй л бол нэмэргүй, өмгөөлөгчийн хөлс төлөөд харин ч улам шатна.
Бас нэг асуудал бол хууль өөрөө зөв гэсэн баталгаа байхгүй. Хуулийг хүмүүс хийдэг, гэтэл хүмүүс алддаг. Гитлерийн үед Германд еврейчүүдийн нийгмийн амьдралд оролцох бүх эрхийг нь хассан хууль, сүүлд нь бүр тэдний амьд байх эрхийг нь хассан хууль гарч байв. Иргэн хүн хуулиа дагах нь зөв гэж үзвэл тэр үед хөрш еврейчүүдээ Гестапод барьж өгч үхэл рүү нь илгээж байсан германчуудын түмэн зөв, тэд үлгэр жишээ сайн иргэд байж. Сэтгэцийн болон удамшлын өвчтэй хүмүүсийг устгах хууль гарахад түүнийг нь ягштал биелүүлж байсан эмч, сувилагч нар ч бас маш сайн иргэд. Харин Гитлерийн засаглалыг эсэргүүцэн амь насаа золиосолж байсан Мюнхений их сургуулийн “Цагаан сарнай” бүлгийн оюутнууд, тэр дундаа эрүү шүүлтэд шантарч найзуудыгаа илчлээгүй, шүүх хурал дээр шүүгчтэй зад хэрэлдэж байгаад толгойгоо тасдуулж байсан 22-хон настай Софи Шоль хэмээх бүсгүй маш муу иргэн байж.
Хуулийн дээр юу ч байхгүй гэж яридаг, түүндээ итгэчихсэн мангуу улс төрчдөд хэлэх нэг үг байна. Хуулийн дээр хүний сэтгэл гэж бий. Би л лав хуулийг дээдлэхгүй, харин хүний сайхан сэтгэлийг дээдэлнэ. Миний хувьд Гитлерийн үед хүнд өвчтэй бяцхан жаалын судас руу үхлийн тариа тарьж хууль биелүүлж байсан эмч биш, харин тэр хууль руу нь нулимж байсан Софи Шоль жинхэнэ хүн.
Сайхан сэтгэл чухал, хууль зөрчөөд бай гэж хэлэхийг мэдээж зорьсонгүй. Гэхдээ хууль бол харьцангуй, цаг хугацааны туршид хувирч өөрчлөгдөж байдаг, харин хүний сайхан сэтгэл хэмээх үгээр илэрхийлэгдэж буй хүний нийгмийн үнэт зүйлс тогтвортой. Хүн төрөлхтөн үүсээд 200 мянган жил болохдоо зөвхөн шинжлэх ухаан, урлаг, спорт, байшин барилгыг бүтээгээгүй, бас ухамсрын олон үнэт зүйлсийг бий болгожээ. Ямар үнэт зүйлс байж болох вэ? Жишээ нь хайр, хүн ба амьд амьтдыг хүндэтгэх ёс, эх оронч үзэл, ариун цэвэрч байдал гэх мэт. Хэмжүүрүүд гэвэл жишээ нь амьтны амийг таслах буруу, эх орноосоо урвах буруу, эцэг эхээ хүндлэх нь зөв гэх мэт. Тэгвэл эдгээр үнэт зүйлсээс хамгийн чухлуудыг нь тодорхой хэмжүүрүүдийн хамт нэгтгэсэн концепци нь шашин юм. Зөв, бурууг ялгаж салгах эцсийн цэг бол шашин. Ямар шашин байх нь тийм ч чухал биш, ер нь аль ч шашинд суурь үнэт зүйлс нь ижилхэн байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаар бас аль ч шашинд завхрал бий гэдгийг дурдахгүй байж болохгүй. Ямартай ч Христийн шашны хувьд Библийн сургаалиуд, Буддын шашны хувьд Бурхан багшийн сургаалиудыг мөрддөг хүн хэзээ ч хүн алж, хулгай хийж, худал хэлэхгүй, гэр бүл, эх орноосоо урвахгүй, авилгач юмуу биеэ үнэлэгч болохгүй. Дарангуйлагч нар ихэвчлэн шүтлэггүй хүмүүс байдгийг саная. Гитлер шашныг үзэн яддаг, харин Софо Шоль шүтлэгтэй хүн байв.
Германчууд түүхээсээ суралцжээ. Үндсэн хууль нь “Бурхан ба хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ... ...Германы ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Үндсэн хуулийг батлав” гэж эхэлдэг. Энэ өгүүлбэр яг дээрхи шалтгааны улмаас бичигдсэн ажгуу. Энэ үндсэн хууль хүчинтэй байхад хүн алахыг, хулгай дээрэм хийхийг, мөн завхайрахыг зөвтгөсөн хууль гарахгүй нь лавтай. Учир нь Христийн шашны үндэс суурь болох “Бурхны 10 сургааль”-д эдгээр үйлдлийг хориглосон.
Монголчууд бид шашны тухай ойлголтоо эргэн харж, энэ тал дээр урт хугацааны бодлого, зөв менежмент хийх шаардлагатай байна. Гэхдээ би шашин, төрийг хольж хутгах тухай биш, харин хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх шашны үүргийг нэмэгдүүлэх тухай ярьж байна. Хүн гэртээ ямар нэг бурхны баримал залах ч юмуу, эсвэл алтан загалмай зүүснээр шүтлэгтэй болчихгүй. Хагас сайн өдөр бүр Жанрайсэгт мөргөх, бүтэн сайн өдөр бүр ертөнцийн эзэнд залбирах хангалтгүй. Гол нь шашны сургаалиудыг амьдралдаа мөрдлөг болгох хэрэгтэй. Таксины жолоочид, үйлчлүүлэгчийнхээ орхисон эд зүйлсийг авах нь буруу гэдгийг ойлгуулахад хууль биш, шашин л тусалж чадна. Багаасаа шашны номлолын утга учрыг ойлгож, амьдралдаа мөрдлөг болгосон охин хичнээн ядуу байсан ч биеэ үнэлэхгүй. Зөвхөн хэцүү асуудалтай үедээ л Христэд залбирах биш, түүний сургаалийг ягштал баримталдаг монгол залуу, Коран судрыг мөрддөг хасаг эр хэзээ ч мөнгөөр хүний амь хөнөөхгүй.
Монгол орны хувьд Буддын шашин зонхилох тул мэдээж бид юу юуны түрүүнд энэ шашнаа боловсронгуй болгож, дэмжих тал дээр анхаармаар. Хараад байхад манай лам нар нийгэмд хандсан ажил хийхдээ хойрго юм. Ихэнхи лам нар айлын барцадыг арилгаж, лүүжин тавихад, эсвэр энд тэнд суварга арванайлахдаа л хамаг цагаа зарахаас биш, хүн алж, хулгай хийж, ховордсон ан амьтдыг устгаж, цэвэр усны ундаргатай газар барилга барьж болохгүй, тэгвэл тэр чинь хэдэн үедээ нүгэл болдог гээд хүмүүсийн ойн тойнд ортол хэлээд, заримдаа бүр айлгаж занаад ч болсон хэлээд өгөхгүй юм.
Буддын шашны шинэчлэл Гандан хийдээс эхлэх ёстой. Чойжамц хамба нэг л их намбайсан, амнаасаа үг унагаж ядсан хүн явдаг байсан харин сүүлийн үед залуучуудад лекц уншиж, зөв амьдрах тухай сургааль хэлэх болсон нь сайшаалтай. Гэвч хангалтгүй л байна. Саяхан Баабар бичсэн байна билээ. Эмнэлгүүд сайн эмч нараа дарга болгочихдог буруу гээд. Түүн шиг Гандан ч бас гайгүй лам нараа дарга болгохоос биш, сайн менежер хүн ер харагдахгүй юм. Уг нь Гандан шиг том хийдийн менежментийг бол хүмүүсийг гэгээрүүлэх ажлаа ч хийгээд, сүм хийдийнхээ орлогыг ч нэмэгдүүлээд байх чадалтай хүн хийх хэрэгтэй. Нийгэмд тустай төслүүд санаачлаад хөөцөлдөхөд улсаас ч, хувийн компаниудаас ч мөнгө олдоно. Илүү мөнгө олъё гэвэл жишээ нь Монголд, тухайлбал Дорноговийн Энергийн төв дэх Хамрын хийдийг Утай, Гүмбэн, Лхаст байдаг шиг, эсвэл бүр тэднээс ч илүү сүрлэг том мөргөлийн том обьект болгож сайжруулаад, нэг хутагт залж суулгаад, дэлхий даяар “энэ бол шарын шашны хамгийн том мөргөлийн газар” гээд рекламдахад яадаг юм. Саудын Арабын Меккад жилд 2,5 сая мөргөлчин ирдэг. Манай Хамрын хийдэд жилдээ 500,000 мөргөлчин ирэхэд болж л байна. Ингэж мөнгө олоод, түүнийгээ гол нь хүмүүсийг нүгэл тэвчих ухамсартай болгон гэгээрүүлэхэд зарцуулах хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн мэргэжилтэй над мэтийн хүнд шашны менежментийн тухай ярих хэтэрхий ахдах нь магад хэдий ч ардчилсан орны иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлмээр санагдах юм. Юутай ч монголчуудын ухамсрыг сайжруулж, эрүүл нийгмийг бий болгох цөөхөн гарцын хамгийн үр дүнтэй нь шүтлэг бишрэлийг дэмжиж, хүнлэг энэрэнгүй чанарыг сурталчилсан шашны сургаалиудыг иргэдийн ухамсар, амьдралын хэв маягт нь шингээж өгөх арга байж болох юм гэсэн бодлыг минь эрхэм уншигч та тунгаан соёрхоно уу.
16 comments:
Сайн байна уу өмнө нь та энэ нэрээрээ блогтой байсан уу номын тухай германд сурж байсан тухайгаа гэх мэт зүйл бичсэн байсан мөн үү...би таныг блогоо хаачихаж гэж бодож байлаа харин амараа ахын блог дотор таны нэр байхаар нь мөн болов уу биш болов уу гэж жаал эргэлцэв!!таны хуучин бичлэгүүд байхгүй болохоор яаг сайн таньдаггүй ээ бичсэн бичлэгний утга санаагаар таныг болов уу гэж бодож байна..хэрвээ мөн бол зарим хуучин бичлэгүүдээсээ тавих боломж байна уу Таньд аз жаргал сайн сайхныг хүсье!
Зөв хүн болж төлөвших орчин Монголд үгүйлэгдэж байгаа. Бид, бидний ирээдүй ёс бус оршихуйд амьдарч байна. Энэ л аймшиг...
chuka: би хуучин блогоо санамсаргүй устгачихсан юмаа. erdenebolor.blogspot.com гэдэг хаягтай байсан. Тэр үеийн бичлэгүүдээс сүүлийн хэд нь надад байгаа. Хэд хоногоос тавьчихъя. Германд байхдаа бичиж байсан бичлэгүүд байхгүй.
chimeglen: шашнаас гадна бас дунд сургуулийн боловсрол, мөн эцэг эхийн олгож буй хүмүүжил ч учир дутагдалтай байгаа. Хүүхдийг багаас нь л зөв хүмүүжүүлэх хэрэгтэй гэж би боддог.
deer neg Gambia-s irsen nuhurtei halit yum yarij baisiin. tegsen chin Gambia-chuudiin 90% n muslim, 7-8% n christian genee. ...tegeed arhi uusan huniig ar urduur n hov bolgoj, muulj yaridag gene lee. teheer shashin aimr nuluulj bgam shu. ug n zohih huviaraa shashin ih l heregtei yum shig bgan.
Uneheer sonirholtoi yum bichjee. odoo uuruu mongold bgaa yu? Bi Amerikt ene chigleleer sursan. nadtai holboo bariarai. bichsen uguullegiig chin uneheer sonirhoj bna. minii hayag mogi.0901@yahoo.com
bayarlalaa
Таны бичлэгийг олон хүнд хүргэмээр санагдаад www.news.mn-ны блог сайт болох http://www.nlog.mn/ дээр тавьлаа. Таны оюуны хөдөлмөрийг хүндэтгэж бас таны блогийг олон хүнд хүргэх үүднээс бичлэгний 1/3 хувийг нийтлээд таны блогийн link-ыг тавьсан. Залуус маань таны бичлэгийг үнэхээр сонирхон уншиж санал бодлоо хуваалцасныг http://www.nlog.mn/?content=blog&view=blogView&getItem=3514 орж сонирхоорой. Хэрвээ та татгалзахгүй бол таны бичлэгнээс сайт дээрээ нийтэлж залуусынхаа оюунд гэрэл нэмж байя. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com-руу илгээгээрэй.
Таны бичсэн зүйлүүд дажгүй шүү. Ганц гэм нь хар дээр цагаанаар бичсэн нь уншихад тухтай биш нүд чилээгээд байх юм.
Их сайхан бичлэг байна. Цаашдаа блогт чинь тогтмол орж байнаа. Улам их сонирхолтой зүйлс бичиж байгаарай.
яахав шашныг бол ингэж ашиглаж болно.
Secret гэдэг баримтат киног үзэж, номыг нь хальт гарчигласнаас хойш ийм болчихоод байгаа хүн. тэр нь юу гэвэл:
хүн аливаа зүйлийг бодож, түүнийгээ хүсэх тусам түүнийгээ татах энергийг нэмэгдүүлж байдаг. хэрэв таны ажил хөдөлмөр чинь бүтэхгүй бол ээждээ 1000 төгрөг өгөөд Ганданд ном уншуулчихад та өөрөө засал хийлгэчихсэн болохоор одоо ажил сайн байнаа гэж бодоод итгэл үнэмшилтэй, зоригтойгоор ажлаа үргэлжлүүлнэ. та үүнийг сэтгэлээсээ хүссэн болохоор нөгөө алдарт таталцлалын хуулиар ажил тань бүтэж (эерэг энерги хуримлагдан) эхлэнэ.
нэг залуугын мөрөөдлийн самбарын тухай болсон явдал байдаг шдээ. тэр залуу өсвөр насандаа хүсэж байсан бүхнээ идэр насандаа өөрийн болгосон байснаа мөрөөдлийн самбараа хараад мэдсэн даруйдаа уйлдаг гээд.
тиймээс шашныг энэ талаар нь ашиглавал хэт муйхарлахгүйгээр хэмжээнд нь амьдралдаа ашиглаж болох юм шиг санагддаг.
гүй ээ тэгээд хэрэв бурхан гэж байдаг бол тэр үнэхээр нэг том алдаа хийсэн. учир нь тэрээр хүнээр дамжуулан өөрийн номлолоо олон түмэнд түгээсэн. Сидхарта, Есүс, Мухадмед гэх мэт. Тэдгээр нь харин бурханы номлолын өөрийнхөөрөө Edit хийгээд, өөрийн баримталдаг зарчмаа нэмээд, хасаад, зөвшөөрөөд, хориглоод олон түмэнд тараасан байдаг. энэ бол бурханы алдаа хэхэхэ.
за нилээн юм нуршчихлаа. блог чинь таалагдлаа. амжилт хүсье
Эрдэнэболор буцаад блогтоо ирсэнд талархъя.
"Ямар шашин байх нь тийм ч чухал биш, ер нь аль ч шашинд суурь үнэт зүйлс нь ижилхэн байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаар бас аль ч шашинд завхрал бий гэдгийг дурдахгүй байж болохгүй." гэсэн чиний үгийг дэмжиж байна. Хүмүүс бид шашины талаар нэгдсэн ойлголт байхгүйгээс асуудлыг энэ зөв,тэр буруу гэх мэтээр талцаж гол мөн чанарыг ойлгохгүй гажуудуулж үүнээс болж хүн төрөлхтөний түүхэнд шашин хоорондын дайн хүртэл яригдах болсон байна. Будда,Есүс,Мухаммед зэрэг гэгээрсэн мэргэд нэг л зүйлийн тухай ялгаагүй нэг утгаар зааж сургасан боловч түүнийг үргэлжлүүлэх явцад дээрхи алдаа завхрал гарсан байна. Үүнд тухайн цаг үеийн хүмүүсийн ухамсар, нийгмийн хөгжил,газар орны алслагдмал байдал,залгамжлагчдын төр шашин хослон барьдаг байсан зэрэг нь нөлөөлсөн байж болох юм.
Жишээлбэл: Материаллаг ертөнцөөс ангижрах тухай буддын шашинд гэтлэн тонилох,туулан ангижрах,нирваан дүрийг олох,хоосон чанарыг олох гэж байхад харин Есүс мөнхийн улсад очих,сүнсний чөлөөлөлт гэх мэтээр өөр өөр нэрлэсэн боловч нэгэн утга агуулгыг илэрхийлдэг байна.
Шашин хүн төрөлхтнийг хамгийн наад зах нь хүмүүжил, төлөвшил, ухамсар суухад цаашилбал гэгээрэхэд, зовлон бэрхшээлийг даван туулах хүч, итгэлийг олж авахад, үйлийн үрээ гэтлэхэд, дотоод ертөнц - өөрийн "БИ"-гээ танин мэдэхэд, энэрэн хайрлах, нигүүлсэнгүй дээд чанарыг ухамсарлахад, хөгжүүлэхэд, нүгэлт муу явдлыг жигшин тэвчих сэтгэлийг олоход, шунал хүсэл, материаллаг ахуйгаас ангижирч бурханлиг чанараа нээхэд цаашлаад орчлон ертөнцийн оршин тогтнохуй, хүмүүний амьдрахуйн мөн чанарыг ойлгон танихад хамгийн дөт зам, хөтөч билээ. Хүний гэгээрэл, ухамсар, оюуны хөгжилд шашны хөгжил яахын аргагүй холбоотой. Жишээ нь: Бидний мэдэх физикийн шинжлэх ухааны энерги хадгалагдах болон хувирах хууль мөн бүтцийн дуалист буюу хоёрдмол шинж чанарыг Буддын гүн ухааны нэг чухал сургааль болох хоосон чанарын онол баталж байдаг. Ер нь бол орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөгжлийн утга учир, зүй тогтлыг судлахад шинжлэх ухааны уламжлалт мэдлэг хангалтгүй болж, мухардаж эхэлж байгаа бөгөөд энэ байдалд дүгнэлт хийгээд шинжлэх ухаан өөртөө далд ертөнцийг судалдаг синергетик хэмээх шинэ салбарыг хөгжүүлж эхэлсэн. Харин энэхүү синергетикийн шинжлэх ухааны онолуудтай Буддын шашны хоосон чанарын сургиалууд яв цав тохирч байгааг эрдэмтэн мэргэд судлан тогтоогоод байгаа билээ. Иймд шашин бол танин мэдэхүй юм.
Шашин нийгмийн ёс зүйг зохицуулах гэж, өөрөөр хэлбэл хүнийг хүн шиг байлгахад гол үүрэг гүйцэтгэж ирсэн болохоор шашны сургааль тэр шашныг шүтдэг тухайн үндэсний уламжлал хоёр бие биедээ уусаад аль нь шашны, аль нь зан заншил уламжлал гэдгийг ялгахад хэцүү болдог. Манай монголчуудийн өөрсдийгөө мэдэрдэг хүндэлдэг соёл уламжлалгүй болгох гэж шашныгхүчээр дарж устгасан байх. Социализмын үед итгэл бишрэл хориотой байгаад, одоо мөнгө цагаан нүд улаан гэж гүйгээд бас хоосондуу сэтгэлтэй, дотор хүнт нь төлөвшиж өгөхгүй байна даа. Иймээс хүний мөс муудлаа, худал хуурмаг, завхай зайдан газар авлаа гээд байдаг болж дээ.
Шүтлэгтэй байна гэдэг сайн хэрэг. Минийхээр шүтлэг гэдэг нь нэгэн зүйлийг тахин шүтэж өглөө оройгүй сунаж мөргөн унаж тусахдаа биш хамгийн гол нь өөртөө ямар нэгэн итгэл авчирч сайн энерги өгч, урам зориг хайрлах сэтгэлийн дэмийг өгч байгаа хэрэг гэж боддог.
Өөрөө Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах төвд нэг очоод үзээрэй. тэндээс сүүлийн үеийн залуучуудын шашинд хандах хандлагад гарсан өөрчлөлтийг мэдэрч болно.
Сайхан бичлэг оруулсан байна. Хүүхдийг зуухруу орчих вий гэж монголчууд орноосоо уядаг шин Хүнд муу зүйлсээ өөрийгөө холдуулж аргамжиж байх аргын нэг нь итгэл үнэмшил тэр тусмаа шашин юм даа.
Sain bna u ta. tanid ene udriin mendiig hurgey. Ta bolomjtoi bol CV buyu Resume bichihiin talaar tavij uguuch
Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!
Bible-n English xel deerxi exiig ni Mongoltoi ni tulgaad xaritsuulj uzsen. Ee burxan mini zarimiig ni bol arai l denduu orchuulsan baina lee shuu. Tiim orchuulgatai yumiig unshij, tseejleed yariad baina gedeg tegeed yu bolj taarax we. Bas 90-eed onoos xristeer owchilson neleed idewxitei gishuunees tanai sum er ni ali ursgal we Katolik yumuu Protestant yumuu geed asuusan chini xarin oodoos nudee tom bolgood bi medexgui ee yamar ch baisan Jesus-iin ugiig l taraadag sh dee gej awdiin. Ug ni zailuul Protestant ursgal dotroo Baptist gedeg neg salbar ni l yum bilee l dee. Yadaj l wikipedia-gaas olood xarchixaj bolmoor sanagdana . . .
Post a Comment