Sunday, April 27, 2008

ТА УНШ

Оюутан хүн мэргэжлийн ном хэвлэл унших арга барилаа эртнээс төлөвшүүлж авах хэрэгтэй. Харамсалтай нь зарим оюутнуудыг харахад үргэлж л номын санд сууж, ном уншиж байх авч сарын дараа л уншсанаа мартсан байдаг. Хайран цагаа зарцуулсан хөдөлмөр нь ингээд талаар өнгөрөхөөр юутай харамсалтай.

Би нэг ажлыг хоёр дахин хийхэд үнэн голоосоо дургүй. Хэрэв оюутан та ч бас над шиг бодож байвал миний одоо танилцуулах гэж буй, ном хэвлэлийг хамгийн үр дүнтэй унших аргыг эзэмшээрэй. АНУ-ын эрдэмтэн Ф.Робинзоны 1970 онд анхлан боловсруулсан PQRST аргыг дур мэдэн монголчлоод ТА УНШ болгосныг минь өршөөнө биз. Энэ аргын дагуу аливаа материалыг таван үе шаттайгаар уншина. Эдгээр үе шатуудыг тус бүрд нь доор дэлгэрэнгүй танилцуулъя.

1. Танилцах (Preview)
Эхлээд унших гэж буй номтойгоо товчхон танилцах хэрэгтэй. Гол нь тухайн ном чухам ямар сэдэвтэйг илрүүлж, ямар зорилгоор унших, юу олж мэдэх боломжтойгоо тодорхой болговоос зохино. Үүний тулд юуны өмнө нэр, гарчиг, өмнөх үг, оршлыг нь уншина. Ялангуяа гарчгийг нь анхааралтай судлаарай. Түүнээс гадна зохиогчийнх нь талаар боломжийнхоо хэрээр бага сага мэдээлэл авчихад гэмгүй. Мэргэжлээрээ олон жил ажилласан, урьд нь ном бичиж байсан хүний ном шинэхэн сургууль төгссөн хүний анх удаа бичсэн номноос хавьгүй илүү чанартай байх нь ойлгомжтой. Мөн цаашилбал ашигласан хэвлэлийн жагсаалтыг нь гүйлгээд харчих хэрэгтэй. Шинжлэх ухааны мэдээлэл авах хүсэлтэй оюутны хувьд мэдээж хэн нэгний санаанаасаа зохиосон "уран зөгнөл", эсвэл үндэслэлгүй таамаглалууд уншиж цагаа үрэхийн оронд тухайн салбарт урьд нь хийгдэж байсан судалгааны үр дүнгүүдээс иш татаж, бодит мэдээ баримтаар баталгаажсан материал унших нь илүү ач холбогдолтой. Гадаадад сурч буй оюутнуудад анхааруулахад та бүхэн гадаад эрдэмтэд бүгдээрээ мундаг эрдэмтэй, бичсэн бүх номнууд нь сайн гэж бодож болохгүй шүү. Хаа газар адилхан, чанаргүй ном чанартайгаасаа хавьгүй олон байдаг.
Хэрэв тухайн номонд дүгнэлт (Summary) буюу хураангуй (Abstract) байвал заавал унших хэрэгтэй. Уншихдаа бүр маш анхааралтай уншина шүү. Яагаад гэвэл сүржин нэр, гарчигтай боловч даржин агуулгатай ном цөөнгүй байдаг учраас нэр, гарчиганд хуурталгүй агуулгатай нь заавал урьдчилан танилцах нь зүйтэй. Ийнхүү номтойгоо танилцсаны эцэст унших үгүйгээ шийднэ. Тааралдсан ном болгоноо уншаад байх ер нь дэмий шүү дээ. Хэрэгцээтэй мэдээллээ авч чадна гэж бат итгэсэн номоо л унших хэрэгтэй.

2. Асуулт тавих (Question)
Ингээд тухайн номоо уншихаар нэгэнт шийдсэн бол одоо тодорхой асуултууд тавих хэрэгтэй. Энэ нь унших процессоо төлөвлөж буй нэг хэлбэр юм. Асуултуудын зарим нь зөвхөн тухайн номын агуулгатай холбоотой байхад зарим нь эргэцүүлэл маягтай байж бас болно. Эхлээд та т хайн номыг зохиогчоос ярилцлага авах гэж байна гээд бодчих. Тэгвэл ямар асуултууд тавих вэ? Жишээ нь "Та энэ номыг хэнд зориулж бичсэн бэ?", эсвэл "Таны энэ ном уншигчдад зөвхөн мэдээлэл олгох зорилготой юу аль эсвэл тэднийг ухуулах буюу шинэ санаа, сэдэл өдөөх зорилгтой юу?" ч гэдэг юмуу. "Та дүгнэлтээ хэрхэн нотолж байна вэ? гэсэн асуулт байж болно. Харамсалтай нь зохиогч хажууд чинь байхгүй учир та эдгээр асуултууддаа зохиогчийн өмнөөс өөрөө хариулах болно :). Дараа нь уг номын талаар хэлэлцүүлэг хийх байна гэж төсөөлөөд үүндээ зохицсон асуултуудыг бодож ол. Жишээ нь "Зохиогчийн гаргасан дүгнэлт, энэ салбарт хэвшил болсон үндсэн онолтой нийцэж байна уу эсвэл зөрчилдөж байна уу?", мөн "Энэ номон дахь мэдээлэл миний урьд нь уншсантай хэрхэн холбогдох боломжтой вэ? гэх мэт. Ийнхүү тодорхой асуултууд тавьж, тэдгээрийнхээ хариултуудыг нь эрэлхийлж унших нь зүгээр л "юу ч гэсэн уншаад үзье" гэх байдлаар уншихаас хамаагүй илүү сонирхолтой бөгөөд үр дүнтэй.

3. Унших (Read)
Юу ч гэсэн нэр томъёоны толь хажуудаа тавьчих. Аяга өтгөн кофе байхад бас илүүдэхгүй :). Тэгээд анхаарал чинь төвлөрч байвал бол шууд унш, хэрэв сэрвэлзээд байвал анхаарал төвлөрөөх дасгал хий. Жишээ нь цагийнхаа секундын зүүг 2 минутын турш ширт, эсвэл нүдээ аниад толгой дээр чинь нэг жүрж байна гэж төсөөлөөд түүнийг нэг минутын турш унагахгүй байхыг байхыг хичээ. Цаасан дээр нэг минутын туршид наймын тоонууд томоор зурж бас болно.
Уншиж байхдаа түрүүний томъёолсон асуултуудаа үе үе эргэн харж, хариултуудыг нь олж чадаж буй эсэхээ шалгаж байх хэрэгтэй. Хэрэв асуултууд чинь тохиромжгүй, эсвэл хангалтгүй санагдвал өөрчлөх буюу шинэ асуултууд нэмж болно. Ингээд асуултуудад чинь хариу болж чадахуйц, өөрөөр хэлбэл таны унших болсон шаардлагыг чинь хангахуйц хэсгүүд дээр голлон анхаараарай. Зохиогчийн хамгийн гол санаа, дүгнэлтүүдийг зөвхөн уншаад зогсохгүй, бас бичиж тэмдэглээд авчихад илүүдэхгүй. Сүүлд нь мартсанаа сэргээе гэвэл бүтэн ном дахин эхнээс нь уншихын оронд өөрийнхөө тэмдэглэснийг харчихвал маш их цаг хожино. Зохиогчийн хэрэглэсэн тэмдэглэгээнүүд, хүснэгт, зураглал, бүдүүвчүүдийг сайтар судал.

4. Нэгтгэн дүгнэх (Self Recitation)
Одоо номоо хамхиад гол санаанууд, дүгнэлтүүдийг нь эргэн санах гээд үз. Тавьсан асуултуудаа одоо уншсандаа тулгуурлан өөрийнхөө үгээр хариулахыг хичээ. Хариулж чадахгүй бол дахиад эхнээс нь унш. Хэрэв шинэ асуултууд тавимаар санагдвал тэр дор нь томъёолоод хариуг нь хайж ол.

5. Шалгах (Test)
Дээрхи 4 үе шатыг туулсан бол одоо нийтэд нь дүгнэнэ. Эхлээд бүлэг болгоны гарчгийг харж байгаад тус бүлгийн агуулгыг өөрийнхөө үгээр ярьж үзэх хэрэгтэй. Эхлээд бүх асуултынхаа хариуг олж чадсан эсэхээ шалгаад дараа нь өөрийнхөө бичсэн тэмдэглэлийг шаардлага хангахуйц болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Дутуу мэдээллээ нэмж оруул. Зарим тохиолдолд тухайн номноос авахыг хүссэн мэдээллээ бүрэн дүүрэн авах боломжгүй байх нь ч бий. Энэ тохиолдолд дараа нь өөр ямар ном уншихаа бас төлөвлөнө. Уншлагын энэхүү үе шатанд ганц хүн биш, харин хоёулаа хамтарч уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, бие биенээ шалгах маягаар давтвал илүү үр дүнтэй.

Ингээд та бүхэнд уншлагын таван үндсэн үе шатуудыг танилцууллаа. Одоо нэмэлт мэдээлэл болгож ном унших хурдыг сааруулдаг дөрвөн түгээмэл дутагдлыг танилцуулъя. Та бага хугацаанд ихийг уншиж ойлгохыг хүсвэл эдгээр дутагдлуудаас зайлсхийж яваарай.

- Үгчилж унших. Хүний харц юм унших үед урсгал хэлбэрээр хөдөлдөггүй, харин тодорхой давтамжтайгаар "үсэрч" байдаг. Текстийн нэг хэсэг дээр харц тогтмогц хүн тэр хэсгийн үгнүүдийг унших бөгөөд харин харц дараагийн зогсоол руугаа яг шилжиж байх (үсрэх) үед бол юм харагдахгүй. Зарим хүмүүс, ялангуяа багаасаа ном уншиж сураагүй хүмүүсийн харц нь үг бүр дээр тогтдог учраас тэд маш удаан уншдаг. Харин сурамгай уншигчид бол харцаа хоёроос гурав, эсвэл бүр түүнээс ч илүү үгний хооронд үсэргээд сурчихсан болохоор хурд уншина. Хурдан уншиж суръя гэвэл номныхоо хуудсууд дээр босоо шугамнууд харандаагаар шугамдаж татаад дасгал хийх хэрэгтэй. Эхлээд харьцангуй ойрхон, тухайлбал дундаа 2-3 үгийн зайтай шугамдах бол сүүл рүүгээ зайг нь ихэсгэж, нэг мөрийг ердөө 2-3 хуваах хэрэгтэй. Ийм дасгал хийхэд эхэн үедээ ядрах боловч мэдрэлийн ядаргаанд орчихно гэж санаа бүү зов. Бид ер нь нүд, тархиныхаа хүчин чадлын өчүүхэн хувийг ашигладаг шүү дээ.

- Уншсан хэсгүүдээ эргэж унших. Заримдаа юм уншиж байхад харц өөрийн эрхгүй нэг л мэдэхэд уншчихсан хэсгүүд рүү ухарчихсан байдаг. Энэ нь анхаарал сайн төвлөрөөгүйн шинж юм. Үүнээсээ сэргийлье гэвэл уншчихсан мөрнүүдээ цаасаар таглаад бай. Мөн л нилээд дасгал шаардах боловч хурдан уншаад сурчихвал дасгал хийхэд зарцуулсан цаг чинь сүүлд нь хэд нугарч нөхөгдөнө гэдэгт итгээрэй.

- Үглэж унших. Зарим хүмүүс унших явцдаа уншсанаа амандаа үглээд байдаг. Энэ бол маш буруу хэвшил. Учир нь нүдээрээ унших нь амаараа ярьснаас хэд дахин илүү хурдан. Тэгэхээр үглэж уншиж буй хүн нүднийхээ унших хурдыг хүчээр сааруулж байна гэсэн үг. Гэхдээ ойлгоход маш хэцүү буюу эсвэл цээжлэх хэсгүүдийг аажуухан уншиж, өөртөө дуулдахаар чангахан шиг дуудаж болно.

- Харц булаахаар эд зүйлс хажуудаа байлгах. Юм уншиж байхад зөвхөн ном руугаа л харах хэрэгтэй. Гэтэл ширээн дээр элдэв сонирхолтой эд зүйлс (гар утас, зураг гэх мэт) байвал нэг л мэдэхэд нүд чинь ажлаа хийхээ болиод "араар тавьж" байж мэднэ шүү. Тийм учраас яг ном унших үедээ ширээн дээрээ байгаа зүйлүүдийг бүгдийг нь юмуу ядаж харц булааж мэдэх гол обьектуудыг нүдэнд харагдахааргүй газар далд хийх хэрэгтэй.
Цааш нь унших

Friday, April 18, 2008

Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөгөө

Ер нь лекцийг заавал оюутан бүр тэмдэглэж авах шаардлагатай гэж үү? Зарим нь бичиж аваад, бусад нь сүүлд нь канондоод авчихад болох юм биш үү? Ойлгохгүй зүйл гарвал мэргэжлийн сурах бичгээс уншаад л учрыг нь олчихно шүү дээ.

Лекцэнд суусан хүн хүн бүр заавал тэмдэглэл бичиж авах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна. Хүний тархи зэрэг болж буй хоёр үйлдлийг хооронд нь холбоотойгоор тогтоож авдаг учраас сүүлд нь нэгийг нь эргээд давтаж байхад нөгөө нь аяндаа санаанд орж ирдэг. Үүнийг ассоциаци гэж нэрлэдэг. Бид лекц тэмдэглэж байх үедээ багшийн яриаг сонсох, тэмдэглэл бичих гэсэн хоёр үйлдлийг хослуулан хийдэг. Энэ хоёр үйлдэл уураг холбоотой чигээрээ уураг тархинд хадгалагдан үлддэг. Сүүлд нь лекцээ эргээд уншиж байхад багшийн ярьж хэлж, тайлбарлаж байсан бүхэн аяндаа санаанд орж ирнэ. Үүнд л лекцийг тэмдэглэж авахын хамгийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Харин тэмдэглэл бичиж аваагүй хүн бол лекцээ дорхноо мартана. Хүний бичсэн лекцийг хэд дахин уншсаны эцэст нэг юм ойлгох нь ч ойлгох л байх, харин багшийн хэлж тайлбарлаж байсан зүйлүүдийг эргэж санаж чадахгүй.

Лекц тэмдэглэж авах нь зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь тодорхой болов. Тэгвэл тэмдэглэлээ яаж хамгийн ойлгомжтой хэлбэрээр хийх вэ?
Дараахь арван зөвлөгөөний дагуу лекцийн тэмдэглэл бичих чадвараа нэмэгдүүлээрэй!

1. Бичгийн цаасан дээр бич
Оюутан хүний хувьд ер нь үдээстэй дэвтэр дээр бичих нь тохиромжгүй. Харин А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичээд А4 хэмжээнд тохирсон хавтсанд цуглуулаад байх хэрэгтэй. Ойролцоо сэдэвтэй 2-3 хичээлийн лекцийг нэг хавтсанд хийж болно. Эсвэл хичээл тус бүрд хавтас гаргасан ч болно. Сүүлд нь хуудаснуудынхаа завсар зураг, хайчилбар, ном сонингоос болон (лекцэнд сууж чадаагүй үедээ) бусдын тэмдэглэлээс канондсон материал нэмж хийхэд амар. Канондоход ч бас А4 бичгийн цаас ашиглагддаг болохоор дэвтэр дээр бичдэг оюутнууд канондсон материалыг нугалаад дэвтэр завсраа хийдэг, аяндаа нөгөөдөх нь гээгддэг шүү дээ. Тэгвэл хавтсанд хийхэд нугалах шаардлагагүй, хаяж гээх аюул ч багатай. Ихэнхи дэвтрүүд хэт жижиг хуудастай нэг сэдвийг хэд хэдэн хуудсан дээр тарааж бичих болдог. Энэ нь тэмдэглэл бичихэд ч, сүүлд нь уншихад ч тохиромжгүй. Тэгвэл бичгийн цаасан дээр харьцангуй их материалыг багтааж болно.

2. Хуудасны зөвхөн нэг талд бич
Нөгөө талд нь сүүлд нь номноос тухайн сэдвээр уншсан зүйлүүд, мөн тухайн тухайн сэдэвтэй холбоотой гэрийн даалгавар, бие дааж хийсэн дасгал, бодлогууд гэх мэтийн нэмэлт материалуудыг бичиж болно.

3. Бичих талбараа хуваарил
Хуудсаа ямар ч зай завсаргүй болтол нь бичих хэрэггүй. Хүн арвич хямгач байж болно, гэхдээ ширхэг нь арван төгрөгийн үнэтэй бичгийн цаасыг хямгадаж, талбайг нь бүрэн дүүрэн ашиглах гэснээс болж лекцээ сүүлд нь уншиж ойлгох аргагүй болтол нь шахаад биччихвэл мөнгө хэмнэсний хэрэг гарахгүй. Бичих талбараа дараахь байдлаар хуваарилах хэрэгтэй.

Зураг 1: Лекцийн тэмдэглэл бичих хуудсыг хуваарилж бэлтгэх загвар

“Гарчиг” хэсэгт он сар өдөр, хичээлийн нэр, сэдвийн гарчиг, лекцийн дугаар, багшийн нэрийг бичнэ. “Сануулга” хэсэгт тухайн лекцээс сайн ойлгоогүй зүйлс, дэлгэрүүлж унших номын нэр, тогтооход хэцүү нэр томъёо, гадаад хэллэгүүд гэх мэт, сүүлд нь зайлшгүй сөхөж харах зүйлсээ тэмдэглэнэ. “Нэмэлт мэдээлэл” хэсэгт лекцийн явцад багшийн хийсэн нэмэлт тайлбар, нэр томъёонуудын гадаад хэл дээрхи орчуулга, багшаас оюутнуудад болон оюутнуудаас багшид тавьсан асуулт, хариултууд, тухайн сэдэвтэй холбогдолтойгоор өөрийнх санаад бууж ирсэн жишээнүүдийг тэмдэглэх, эсвэл сүүлд нь уншихад дөхөм болохуйц тайлбаруудыг өөрийнхөө үгээр бичих, зураглал, схем хийх зэргээр ашиглаж болно. Энэ хэсэг 5 см орчим зузаантай байх нь тохиромжтой. “Лекц бичих талбар” бол багшийн яриаг сонсох явцдаа тэмдэглэл бичих үндсэн талбар юм.



4. Багшийн ярианаас түүж бичиж ав

Багшийн яриаг бүгдийг тэмдэглэж авах шаардлагагүй. Ингэж зогсоо зайгүй бичээд байхаар сүүлдээ багш юу яриад байгааг ч ойлгохгүй, зөвхөн бичгийн машины үүрэгтэй робот болж хувирна. Нэгдүгээр курстээ л ийм муу зуршилтай болчихвол цаашид үүнийгээ залруулж авахад хэцүү. Тиймээс багшийн яриан дундаас өөрийнхөө мэддэг зүйлс, сул үг, бичиж авах онцын шаардлагагүй жишээ, тайлбар зэргийг орхиж, үнэхээр хэрэгтэйг нь түүж авч байвал зохино. Үүний тулд хамгийн гол нь анхааралтай сонсож сурах хэрэгтэй.

5. Хичээлтэй холбоотой санаад орж ирсэн зүйлүүдээ тэр дор нь бичиж үлдээ
Жишээ нь өөрөө мал маллаж өссөн оюутнууд мал аж ахуйн тухай лекц сонсож байхдаа багшийн яриа аавынх нь зааж өгч байснаас зөрөх юм бол тэр дор нь “нэмэлт мэдээлэл” хэсэгт тэмдэглэж аваад, боломж гармагц асууж лавлах хэрэгтэй.

6. Шинээр сонсож буй зүйлүүдээ урьд нь мэддэг зүйлүүдтэй холбохыг хичээ
Жишээ нь 3-р курстээ марктетингийн хичээл дээр бүтээгдэхүүний үнийн бодлогын талаар үзэж байхдаа 2-р курст “Эдийн засгийн онол” хичээлд үнийн тухай үзэж байсантайгаа харьцуулах гэх мэт. Тоймтой жишээ баримт, эсвэл асуулт санаад орж ирвэл тэр дор нь тэмдэглэж ав.

7. Товчлол хий
Товчилж бичиж болох үг бүрд товчлол хийж болно. Харин нэр томъёо, гадаад үг, мэргэжлийн хэллэгүүдийг бүтнээр нь бичих нь зүйтэй.

8. Өнгө, стил хэрэглэх
Зарим оюутнууд зөвхөн нэг өнгийн үзэг буюу тосон балаар лекцээ бичдэг. Мөн зарим нь дан текст урсгаад л бичээд байдаг. Ингэж дан өнгөөр, цул хэлбэрээр бичигдсэн ямар ч бичвэрийг уншихад төвөгтэй байдаг. Учир нь энэ үед хүний тархины зөвхөн зүүн талын хэсэг ажиллагаанд орно. Харин тэмдэглэлдээ өвөрмөц дүрслэл, схем оруулж, текстээ баяжуулах, улаан харандаа болон тод өнгийн тодруулагч хэрэглэж, чухал буюу ойлгоход төвөгтэй зарим үг, өгүүлбэр, нэр томъёоны доогуур нь зурж тодруулах, эсвэл хуудасны захад тэмдэглэгээ хийх (хүснэгт 1) гэх мэт аргуудыг хэрэглэвэл тархины баруун хэсэг ч бас ажиллаж эхэлнэ. Учир нь баруун хэсэг нь өнгө ялгах, геометрийн дүрслэлийн учрыг олох гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Ингэж тархины хоёр талыг жигд ажиллуулснаар хүн аливаа зүйлийг түргэн хугацаанд бүрэн гүйцэд ойлгож чадна.

Хүснэгт 1: Тэмдэглэгээ хийх жишээ


9. Эмх цэгцтэй бичих
Сонсож буй сэдвээ дотор нь жижиг хэсгүүдэд хувааж, эдгээр хэсгүүдээ дугаарлах, шаардлагатай бол зарим хэсгүүдийг дотор нь дахин ангилах зэргээр тодорхой бүтэц, эмх цэгц үүсгэх хэрэгтэй. Ингэвэл эргээд уншихад маш ойлгомжтой болно. Мөн текст доторхи тодорхойлолт, жишээ, баримт, таамаглалууд гэх мэт элементүүдийг бусад хэсгүүдээс ялгаж тодотгох стил гаргаж, үүнийгээ тууштай мөрдвөл зохино.

10. Эх сурвалжуудыг тэмдэглэж ав
Тухайн сэдвийн талаар дэлгэрүүлж уншиж болох ном, сонин, вэб хуудас гэх мэт эх сурвалжуудыг сайн тэмдэглэж ав. Сүүлд нь шалгалтанд бэлдэх, илтгэл, реферат, курсын ажил, дипломын ажил бичихэд хэрэг болно. Эх сурвалжийн тэмдэглэгээг хуудасны аль нэг хэсэгт тогтмол бичиж хэвш.
Цааш нь унших