Хүн их мэдэх тусам мэдэхгүй нь бас ихэсдэг гэж яасан үнэн үг вэ. Миний хувьд бол өөрийгөө улам л голоод байх янзтай юм. Саяхны жишээ хэлэхэд дөнгөж докторын ажлаа эхлүүлж байхад гарах үр дүн нь бараг тодорхой байсан бол сэдвээ гүнзгийрүүлж судлаад, Монголд судалгаа хийсний дараа юун үр дүн мантай, нэг хэсэг бүр юу судалж байгаагаа мэдэхээ больтлоо эргүүтсэн үе ч бий. Сайн удирдагчийн ачаар яваандаа чиглэлээ тодорхой болгож тодорхой үр дүнгүүд гаргасан л даа. Гэхдээ одоо эргээд харахад юу хийх гэж байгаагаа ч сайн мэдэхгүй байж юун ч их юм санаж байж вэ гэж инээд хүрдэг юм. Номноос уншсан бага сага мэдлэг минь Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хангалттай санагдаж байлаа, тэр үед. Залуу ч байж :). Эхний жил удирдагчийнхаа өөдөөс ном хаялцдаг байсан бол хоёрдахь жилдээ санал солилцдог болоод гурав дахь жилдээ өөрөө нэг их ярилгүй харин ажилдаа хэрэг болох зөвлөгөө горьдосхийж суудаг болов. Эрдэм шинжилгээний ажил хүнийг ингэж хүмүүжүүлдэг юм байна.Одоо ер нь их хашир болчихлоо. Гэхдээ заримдаа ингэж их хашир байх бас ч дэмий юмуу гэж бодох юмаа. Нэг шинэ санаа олчихоод түүнийгээ баталгаажуулах гэж наян ном уншиж, ерөн хүнээс асууж явсаар байтал цаг хугацаа хүлээхгүй учир нөгөө санаа хэрэгжих бололцоогүй, хэрэгжээд ч тус нэмэргүй болчихдог тал бас байна. Тэгэхээр 100% найдвартай болохыг нь хүлээхгүй, 70-80%-тай байхад нь хэрэгжүүлээд эхэлчихвэл зүгээр ч юм шиг. Ер нь 100% баталгаа гэж юу юм бэ? Ямар ч алдаа гарахгүй гэсэн үг үү?
Хүн ямар бурхан биш, хүний гараар хийгдэж байгаа ямарваа ажил хэзээ ч 100% баталгаатай байдаггүй юм. (Байгалийн шинжлэх ухаанд туршилтын үр дүнд статистик боловсруулалт хийхэд ихэвчлэн 95% магадлалыг хангалттай гэж үздэг.) Эсвэл 100% гэдэг нь эсэргүүцэх ямар ч үндэслэлгүй болтлоо баримтажсан гэсэн үг үү? Тэгвэл дэлхийн бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэг онол юмуу ямар нэг санаа ер нь байдаг юм уу? Гурвалжин дөрвөн өнцөгтэй байж болно гэсэн онол байдаг тухай дунд сургуульд байхдаа сонсож байсан юм байна. Зүгээр нэг жишээ. Америкчуудын ихэнхи нь дэлхийг бурхан бүтээсэн гэдэгт итгэж байна. Бас нэг жишээ.
Ингээд эргэцүүлээд байхаар ерөөсөө бүхнийг нэгд нэгэнгүй төлөвлөж, цаг үргэлж баримт нотолгоо хайж яваад баймааргүй, өөрийнхөө зөв гэж бодож буй санааг шууд хэрэгжүүлмээр санагддаг. Зөвхөн судалгааны ажлын ч биш, бизнесийн санааг ч бас. Эцсийн эцэст надаас шалтгаалахгүй, миний тооцоолж чадахгүй хүчин зүйлүүд гэж байна. Бас аз гэж байна. Манай бизнесменүүдийг хар л даа. 1980-аад он, 1990-ээд оны эхээр багшдаа тэнэг мангараараа дуудуулан байж аравдугаар ангиа арай гэж төгсч байсан хүмүүс өнөөдөр аль хэдийнэ өөрсдөө саятнууд болчихсон, өч төчнөөн хүнийг ажлын байраар хангаад улсын төсөвд хэдэн тэрбумаар нь орлого оруулж байна. Тэгэхэд тэр үед арваа алтан медальтай төгссөн хүүхдүүдийн хэд нь өнөөдөр мэдлэг боловсролоороо гайхуулаад, хүнд хэрэгтэй зүйл хийгээд явж байна вэ. Нөгөө магадлалын онол хаана байна?
Нэг бодлын харин ч хэт их ухаантай байгаад дэмий юм шиг. Юм хийхээсээ өмнө бүтэлгүйтэж болох бүх хувилбаруудыг нь судлаад мэдчихээр сүүлдээ айгаад юу ч хийж чадахгүй болно. Тэрний оронд нэг их нарийн бодож төлөвлөлгүй, тэгсгээд болно биз гээд л шийдвэр гаргачихдаг, бидний нөгөө хэлээд байдаг “гүндүүгүй монгол эр”-ийн зан чанар харин ч зөв юм бишүү?
PS: “Эргэцүүлэл” ангилалд бичиж буй зарим зүйлс хоорондоо сөргөлдсөн, нэгнийгээ үгүйсгэсэн байж болзошгүйг анхааруулъя. Үнэнийг хэлэхэд би өөрөө амьдралын учрыг олох гэж эрэлхийлдэг, хүрээлэн байгаа орчноо өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролддог насан дээрээ яваа болохоор өөртэйгээ зөрчилдөх үе бишгүй л гарах юм. Та бүхэн хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна биз.
Цааш нь унших