Thursday, October 23, 2008

Шашин юунд хэрэгтэй вэ?

Ноднин Германы нэг жижигхэн хотын сүмд ордог юм байна. Би ч ямар тэр архитектур энэ тэрийг нь сайн ойлгох биш, сонирхсон ч үгүй, харин хамт явж байсан нэг өвгөнтэй яриа өдөх санаатай “Германчууд сүмээс их гарч байгаа гэж үнэн үү?” гэж асуулаа. Угийн дуу цөөтэй өвгөн “Тэр ч үнэний хувьд үнэн” гээд чимээгүй болчихов. Би ч нэг ам нээснийх “Сүмд татвар төлөхөөс дургүйцдэг байхаа даа” гэсэн нөгөөдөх чинь харин дуу орж “Харин тийм. Гэхдээ тэр сүмээс гараад байгаа хүмүүс үхэхийнхээ цагт эргээд сүмээ л барааддаг юм даа” гэж авдаг юм байна. Аргагүй л настай хүний, юм бодуулахаар үг. Орчин үед шашин хоцрогдсон гэх ойлголт Баруунд мэр сэр бий, Монголд ч гэсэн иймэрхүү зүйл яридаг хүмүүс бий. Гэтэл үхэхийн цагт хойдохыг нь унших лам хэрэг болж л таарна шүү дээ.

Үнэнийг хэлэхэд би өөрөө шашин шүтлэг гээд сүйд болоод байдаггүй. Гэхдээ л шүтлэг хүнд байх ёстой зүйл гэж боддог. Миний өвөө залуудаа улаан коммунист явсан хүн, насныхаа эцэст намайг дагуулаад Баянхошуу, Гандан хавийн лам нарынхаар мөн ч их очдог байж билээ. Өөрөөс нь хойших миний ирээдүйг даатгаж л явж байсан юм боловуу даа. Тэр үеийн лам нарын тухай нэг зүйл хэлэхэд өвөө маань ламд мөнгө төгрөг өгч байсныг би ерөөсөө санадаггүй, харин тэр лам нар л дандаа надад чихэр, боов өгдөг байсныг санадаг юм. 1989 онд ээжтэйгээ Гандангийн нэг ламынд очоод бас үзүүлж харуулсныхаа дараа 10 төгрөг өгсөн чинь уурлаад, шидэх нь холгүй буцаагаад өгч билээ. Одоо ч ийм лам ховор байхаа.

Шашин шүтлэг хүний хувийн амьдралд хэрэгтэйгээс гадна улс оронд маш их хэрэгтэй зүйл юм гэсэн бодол сүүлийн үед төрөх боллоо. Монголчууд ухамсрын доройтолд орчихож. Залуучууд захиалгаар хүн алдаг, хүүхнүүд хэдэн зуугаараа Хятад, Сингапур, Малайзад хэнэг ч үгүй биеэ үнэлээд явж байдаг болчихож. Зүгээр өөртөө тохиолдсон зарим хөгтэй явдлаа ярихад нэг удаа 40 эргэм насны эгч манай ажил дээр ирээд надтай хамтарч ажиллах тухай баахан юм яридаг юм байна. Өөрөө нэг ногооны жижиг аж ахуй эрхэлдэг, ядууст зориулсан сургалт явуулдаг, тэгээд л манай байгууллагатай хамтрах санал тавиад байх юм. Тухайлбал манайхаас гарын авлага авмаар байна л гэнэ. Тэгээд би түүнд хэдэн гарын авлага өгөөд бас хүнсний ногооны тухай нэг сайн сурах бичиг байдгийг худалдах гэтэл тавиур дээрээс алга болчихож. Хамт ажилладаг залуугаас сурагласан чинь нөгөөдөх маань харин “Та түрүүн уншиж байсан, цүнхэндээ хийчихсэн юм биш үү?” гээж палхийтэл асуугаад бараг хүчээр шахуу цүнхийг нь онгойлгуултал яах аргагүй нөгөө номыг хийчихсэн байх юм. Тэгээд гаргаж өгснөө огт санаа зовсон шинжгүй нөгөө яриагаа үргэлжлүүлж байгаад гараад явсан юмдаг. Үгүй нээрээ, хүн манай байгууллагын хөрөнгийг хулгайлчихаад өөдөөс хамтран ажиллах тухай яриад байвал би уурлах ёстой юу, эсвэл инээх ёстой юу? Бас нэг удаа таксины жолоочтой буу халж явтал нөгөөдөх чинь “зарим өдөр их азтай, хүмүүс цүнх, гар утсаа орхиод буучихдаг юм” гэж хэнэг ч үгүй гайхуулж байх юм.

Манайхан хууль гэж их яридаг. Хуулиа дээдлэх ёстой, хуулийн дээр юу ч байхгүй гээд л манай том том улс төрчид яриад байна. Гэтэл ихэнхи хууль нь хэрэгжиж чаддаггүй. Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдахгүй гэсэн хуулийн заалт хаана хэрэгжиж байна вэ? Авилгын тухай хуулийн хэрэгжилт ч гэсэн тааруухан л байх шиг санагддаг.

Хууль хэрэгжихгүй байгаагаас гадна угаасаа хуулиар нийгэмд тулгарч буй бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гадаадад биеэ үнэлж буй хүүхнүүдийг болиулах хууль гэж байна уу? Хятад, Сингапур луу манайхан визгүй гардаг учраас тухайн хүн биеэ үнэлэх гэж яваа эсэхийг мэдэх ямар ч арга байхгүй. Таксинд гар утсаа орхиод буусан хүн эргээд авъя гээд заргалдахад гэрч байхгүй л бол нэмэргүй, өмгөөлөгчийн хөлс төлөөд харин ч улам шатна.

Бас нэг асуудал бол хууль өөрөө зөв гэсэн баталгаа байхгүй. Хуулийг хүмүүс хийдэг, гэтэл хүмүүс алддаг. Гитлерийн үед Германд еврейчүүдийн нийгмийн амьдралд оролцох бүх эрхийг нь хассан хууль, сүүлд нь бүр тэдний амьд байх эрхийг нь хассан хууль гарч байв. Иргэн хүн хуулиа дагах нь зөв гэж үзвэл тэр үед хөрш еврейчүүдээ Гестапод барьж өгч үхэл рүү нь илгээж байсан германчуудын түмэн зөв, тэд үлгэр жишээ сайн иргэд байж. Сэтгэцийн болон удамшлын өвчтэй хүмүүсийг устгах хууль гарахад түүнийг нь ягштал биелүүлж байсан эмч, сувилагч нар ч бас маш сайн иргэд. Харин Гитлерийн засаглалыг эсэргүүцэн амь насаа золиосолж байсан Мюнхений их сургуулийн “Цагаан сарнай” бүлгийн оюутнууд, тэр дундаа эрүү шүүлтэд шантарч найзуудыгаа илчлээгүй, шүүх хурал дээр шүүгчтэй зад хэрэлдэж байгаад толгойгоо тасдуулж байсан 22-хон настай Софи Шоль хэмээх бүсгүй маш муу иргэн байж.

Хуулийн дээр юу ч байхгүй гэж яридаг, түүндээ итгэчихсэн мангуу улс төрчдөд хэлэх нэг үг байна. Хуулийн дээр хүний сэтгэл гэж бий. Би л лав хуулийг дээдлэхгүй, харин хүний сайхан сэтгэлийг дээдэлнэ. Миний хувьд Гитлерийн үед хүнд өвчтэй бяцхан жаалын судас руу үхлийн тариа тарьж хууль биелүүлж байсан эмч биш, харин тэр хууль руу нь нулимж байсан Софи Шоль жинхэнэ хүн.

Сайхан сэтгэл чухал, хууль зөрчөөд бай гэж хэлэхийг мэдээж зорьсонгүй. Гэхдээ хууль бол харьцангуй, цаг хугацааны туршид хувирч өөрчлөгдөж байдаг, харин хүний сайхан сэтгэл хэмээх үгээр илэрхийлэгдэж буй хүний нийгмийн үнэт зүйлс тогтвортой. Хүн төрөлхтөн үүсээд 200 мянган жил болохдоо зөвхөн шинжлэх ухаан, урлаг, спорт, байшин барилгыг бүтээгээгүй, бас ухамсрын олон үнэт зүйлсийг бий болгожээ. Ямар үнэт зүйлс байж болох вэ? Жишээ нь хайр, хүн ба амьд амьтдыг хүндэтгэх ёс, эх оронч үзэл, ариун цэвэрч байдал гэх мэт. Хэмжүүрүүд гэвэл жишээ нь амьтны амийг таслах буруу, эх орноосоо урвах буруу, эцэг эхээ хүндлэх нь зөв гэх мэт. Тэгвэл эдгээр үнэт зүйлсээс хамгийн чухлуудыг нь тодорхой хэмжүүрүүдийн хамт нэгтгэсэн концепци нь шашин юм. Зөв, бурууг ялгаж салгах эцсийн цэг бол шашин. Ямар шашин байх нь тийм ч чухал биш, ер нь аль ч шашинд суурь үнэт зүйлс нь ижилхэн байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаар бас аль ч шашинд завхрал бий гэдгийг дурдахгүй байж болохгүй. Ямартай ч Христийн шашны хувьд Библийн сургаалиуд, Буддын шашны хувьд Бурхан багшийн сургаалиудыг мөрддөг хүн хэзээ ч хүн алж, хулгай хийж, худал хэлэхгүй, гэр бүл, эх орноосоо урвахгүй, авилгач юмуу биеэ үнэлэгч болохгүй. Дарангуйлагч нар ихэвчлэн шүтлэггүй хүмүүс байдгийг саная. Гитлер шашныг үзэн яддаг, харин Софо Шоль шүтлэгтэй хүн байв.

Германчууд түүхээсээ суралцжээ. Үндсэн хууль нь “Бурхан ба хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ... ...Германы ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Үндсэн хуулийг батлав” гэж эхэлдэг. Энэ өгүүлбэр яг дээрхи шалтгааны улмаас бичигдсэн ажгуу. Энэ үндсэн хууль хүчинтэй байхад хүн алахыг, хулгай дээрэм хийхийг, мөн завхайрахыг зөвтгөсөн хууль гарахгүй нь лавтай. Учир нь Христийн шашны үндэс суурь болох “Бурхны 10 сургааль”-д эдгээр үйлдлийг хориглосон.

Монголчууд бид шашны тухай ойлголтоо эргэн харж, энэ тал дээр урт хугацааны бодлого, зөв менежмент хийх шаардлагатай байна. Гэхдээ би шашин, төрийг хольж хутгах тухай биш, харин хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх шашны үүргийг нэмэгдүүлэх тухай ярьж байна. Хүн гэртээ ямар нэг бурхны баримал залах ч юмуу, эсвэл алтан загалмай зүүснээр шүтлэгтэй болчихгүй. Хагас сайн өдөр бүр Жанрайсэгт мөргөх, бүтэн сайн өдөр бүр ертөнцийн эзэнд залбирах хангалтгүй. Гол нь шашны сургаалиудыг амьдралдаа мөрдлөг болгох хэрэгтэй. Таксины жолоочид, үйлчлүүлэгчийнхээ орхисон эд зүйлсийг авах нь буруу гэдгийг ойлгуулахад хууль биш, шашин л тусалж чадна. Багаасаа шашны номлолын утга учрыг ойлгож, амьдралдаа мөрдлөг болгосон охин хичнээн ядуу байсан ч биеэ үнэлэхгүй. Зөвхөн хэцүү асуудалтай үедээ л Христэд залбирах биш, түүний сургаалийг ягштал баримталдаг монгол залуу, Коран судрыг мөрддөг хасаг эр хэзээ ч мөнгөөр хүний амь хөнөөхгүй.

Монгол орны хувьд Буддын шашин зонхилох тул мэдээж бид юу юуны түрүүнд энэ шашнаа боловсронгуй болгож, дэмжих тал дээр анхаармаар. Хараад байхад манай лам нар нийгэмд хандсан ажил хийхдээ хойрго юм. Ихэнхи лам нар айлын барцадыг арилгаж, лүүжин тавихад, эсвэр энд тэнд суварга арванайлахдаа л хамаг цагаа зарахаас биш, хүн алж, хулгай хийж, ховордсон ан амьтдыг устгаж, цэвэр усны ундаргатай газар барилга барьж болохгүй, тэгвэл тэр чинь хэдэн үедээ нүгэл болдог гээд хүмүүсийн ойн тойнд ортол хэлээд, заримдаа бүр айлгаж занаад ч болсон хэлээд өгөхгүй юм.

Буддын шашны шинэчлэл Гандан хийдээс эхлэх ёстой. Чойжамц хамба нэг л их намбайсан, амнаасаа үг унагаж ядсан хүн явдаг байсан харин сүүлийн үед залуучуудад лекц уншиж, зөв амьдрах тухай сургааль хэлэх болсон нь сайшаалтай. Гэвч хангалтгүй л байна. Саяхан Баабар бичсэн байна билээ. Эмнэлгүүд сайн эмч нараа дарга болгочихдог буруу гээд. Түүн шиг Гандан ч бас гайгүй лам нараа дарга болгохоос биш, сайн менежер хүн ер харагдахгүй юм. Уг нь Гандан шиг том хийдийн менежментийг бол хүмүүсийг гэгээрүүлэх ажлаа ч хийгээд, сүм хийдийнхээ орлогыг ч нэмэгдүүлээд байх чадалтай хүн хийх хэрэгтэй. Нийгэмд тустай төслүүд санаачлаад хөөцөлдөхөд улсаас ч, хувийн компаниудаас ч мөнгө олдоно. Илүү мөнгө олъё гэвэл жишээ нь Монголд, тухайлбал Дорноговийн Энергийн төв дэх Хамрын хийдийг Утай, Гүмбэн, Лхаст байдаг шиг, эсвэл бүр тэднээс ч илүү сүрлэг том мөргөлийн том обьект болгож сайжруулаад, нэг хутагт залж суулгаад, дэлхий даяар “энэ бол шарын шашны хамгийн том мөргөлийн газар” гээд рекламдахад яадаг юм. Саудын Арабын Меккад жилд 2,5 сая мөргөлчин ирдэг. Манай Хамрын хийдэд жилдээ 500,000 мөргөлчин ирэхэд болж л байна. Ингэж мөнгө олоод, түүнийгээ гол нь хүмүүсийг нүгэл тэвчих ухамсартай болгон гэгээрүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн мэргэжилтэй над мэтийн хүнд шашны менежментийн тухай ярих хэтэрхий ахдах нь магад хэдий ч ардчилсан орны иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлмээр санагдах юм. Юутай ч монголчуудын ухамсрыг сайжруулж, эрүүл нийгмийг бий болгох цөөхөн гарцын хамгийн үр дүнтэй нь шүтлэг бишрэлийг дэмжиж, хүнлэг энэрэнгүй чанарыг сурталчилсан шашны сургаалиудыг иргэдийн ухамсар, амьдралын хэв маягт нь шингээж өгөх арга байж болох юм гэсэн бодлыг минь эрхэм уншигч та тунгаан соёрхоно уу.
Цааш нь унших